М.Ашимбаев: Латин үсэгт шилжих нь Казахстаны хувьд дэвшилтэт алхам

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
bars@montsame.mn
2017-04-13 02:38:37

АСТАНА. /КАЗИНФОРМ/. Казахстан улсын парламентын Олон улсын асуудал, батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны дарга Маулен Ашимбаев латин цагаан толгойд шилжих тухай Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын саналд тайлбар хийжээ.

“Латин үсэгт шилжих асуудал хөндөгдөж байгаа нь анхных биш л дээ. Төрийн тэргүүний хэдэн жилийн өмнөх илгээлтэд энэ асуудлыг тодорхой гаргаж тавьсан байдаг. Ерөнхийдөө бол би энэ алхмыг зөв гэж үзэж байгаа. Энэ бол манай орны хувьд дэвшилтэт алхам, гэхдээ бидэнд тодорхой шилжилтийн хугацаа хэрэгтэй гэдгийг бид ойлгох ёстой.

Хүн амаа сургаж бэлтгэх, тайлбарлан таниулах ажил явуулах, энэ чиглэлд судалгааны ажлууд хийхтэй холбоотой тодорхой бэрхшээлүүд бий. Гэхдээ цаашдын ирээдүйд латин цагаан толгойд шилжих нь манай улсын хувьд үндэсний эрх ашигт нийцсэн зөв алхам болно гэж үзэж байгаа.

Энэ ажлыг үе шаттайгаар, яаралгүй хийх ёстой. Төрийн байгууллагууд энэ үйл явцыг кампанит ажил болгон хувиргах ёсгүй” гэж М.Ашимбаев парламентын хуралдааны дараа сэтгүүлчдэд ярьжээ.

О.Барс

 

Related news