Гэр оронгүй, хараа хяналтгүй хүүхдийг бүртгэлжүүлэх ажлыг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-18 19:48:15
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас гэр оронгүй, хараа хяналтгүй хүүхдүүдийг бүртгэлжүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Цагдаагийн алба хаагчид төлөвлөгөөний дагуу 11 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнийн 05:00 цагт  с111 дохиогоор түргэн цугларч, орон сууцны орц, подваль, эмнэлэг, аж ахуй нэгж, байгууллагын харуул манаа, камерын хяналт, гэрэлтүүлгийг шалган тэнэмэл иргэдийг эрэн хайсан байна. Энэ үеэр орц, траншейн, БОЭТ-өөс гурван тэнэмэл иргэнийг олж, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, нийгмийн халамжийн үйлчилгээг хүргэхээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, харьяа багийн Засаг дарга, хэсгийн төлөөлөгчид нь хүлээлгэн өгчээ.
Аймгийн хэмжээнд сүүлийн долоон жилийн судалгаагаар 28 хүн орон гэргүй, тэнэмэл гэх дүн мэдээ байдаг ч энэ хугацаанд өөр аймаг руу шилжсэн, оршин суух хаягтай болсон гэх мэтээр асуудал шийдэгдсэн байна. Харин орон гэргүй, тэнэмэл хүүхдийн тоо баримт одоогоор байхгүй бөгөөд Цагдаагийн газраас 86601102, 98921102, 99321102, 7032102 утсаар иргэдээс мэдээлэл хүлээн авч, хараа хяналтгүй, тэнэмэл хүүхдүүдийг илрүүлэн нийгэмшүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулах аж.
Б.Батчимэг
Related news