Байгууллагуудын орчин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэр хүртээмжтэй байгаад үнэлгээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-05-23 22:36:47
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Тэргэнцэртэй иргэдийн холбооноос санаачлан “Хүртээмжтэй орчинг бий болгоё” хоёр сарын аяныг зарлан ажиллаж байна.  

Тус аянг аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм. Аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн ойр, өдөр тутам үйлчилгээ үзүүлдэг Хэрлэн сумын ЗДТГазар, аймгийн ЗДТГазар, Улсын бүртгэлийн хэлтэс, Биеийн тамир, спортын газар, Нэгдсэн эмнэлэг, ХХҮГазар, Хан Хэнтий чуулга, Төрийн банк зэрэг байгууллагад орчин  нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэр хүртээмжтэй байгаад үнэлгээ хийжээ.
Үүнээс Төрийн банкны үйлчилгээний ажилтны ширээ, тавцан хэвийн, аймгийн ЗДТГазар тусгайлсан ариун цэврийн өрөөтэй, Хэрлэн сумын ЗДТГ-ын гадна хаалга босгогүй, өргөн тэргэнцэртэй иргэнд саадгүй байсан юм.
Гэвч тэргэнцэртэй иргэдийн орох боломжтой налуу шат, хаалганы өргөн, босго, үүдний шатны гишгүүр, хүлээн авах, мэдээлэл лавлагааны ажилтны тавцан, ариун цэврийн өрөө, мэдээллийн самбарын өндөр, гадна талаар хүрээлсэн хашлага нь стандартад нийцээгүй, иргэд хэний ч тусламжгүй үйлчилгээ авах ямар ч боломжгүй байсан зэрэг зөрчил илэрч, хүртээмжтэй орчныг бүрэн бүрдүүлсэн байгууллага байгаагүй аж.
Иймд байгууллага бүрт үнэлгээний үйл явц, зөрчилтэй байгаа хэсгийг харуулсан зурагтай зөвлөмжийг албан ёсоор өгөөд байна гэв.
Д.Одонтунгалаг
Related news