Уур амьсгалын өөрчлөлтийн тухай урьдчилсан гэрээг бэлтгэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМПАРИС. /ВВС/. Хоёр долоо хоног үргэлжилсэн хэлэлцээний үр дүнд гэрээний төслийг эцсийн байдлаар гаргалаа гэж Парис хотод болж буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хэлэлцээг зохион байгуулагчид мэдэгдэв.
Гэрээний төслийг удахгүй сайд нарт өргөн барина гэж Францын Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.
Гэрээнд ямар санал оруулсан тухай нарийн мэдээлэл хараахан гараагүй байна. Хэлэлцээний хугацааг 16 цагаар сунгасны үр дүнд урьдчилсан гэрээг бэлтгэжээ.
Урьдчилсан гэрээг өргөн барихад бэлэн болсон бөгөөд уг гэрээг НҮБ-ын албан ёсны зургаан хэлээр орчуулна гэж албаны хүн мэдэгдэв.
"Энэ гэрээ хараахан батлагдаагүй байна. Бямба гарагийн өглөөний сайд нарын уулзалтын үеэр ямар нэг эсэргүүцэл гараагүй тохиолдолд уг гэрээ батлагдана гэж шинжээчид үзэж байна.
Д.Нямтулга