Шатдауны улмаас Америкт олон нислэг хойшилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-10-09 14:11:11

ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 9 /CNBC/. АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа зогсоод буй нь нисэхийн салбарт хэрхэн нөлөөлөх талаар олон нийт санаа зовниж буй энэ үед Иргэний нисэхийн удирдах газраас /FAA/  агаарын хөдөлгөөнийг хянагч мэргэжилтнүүд дутагдсаны улмаас нислэгүүдийг хойшлуулж байгааг лхагва гарагт анхааруулжээ. 


Лхагва гаргийн үдээс хойш Вашингтон хотын “Рональд Рейган” нисэх буудалд боловсон хүчний асуудлаас үүдэн хагас цаг орчмын саатал үүссэн гэж FAA мэдэгдсэн байна. Даваа, мягмар гарагт 10 мянга орчим нислэг хойшлогдсон бол лхагва гарагт ийм нислэгийн тоо 3200 гаруй болж буурчээ. Цаг агаар, боловсон хүчний асуудлаас гадна бусад шалтгаанаас нислэгүүд саатсан байж болох ч энэ долоо хоногт үүссэн агаарын хөдөлгөөний хяналтын боловсон хүчний хомсдол нь FAA-г Калифорнийн Бурбанк, Теннессигийн Нэшвилл зэрэг хотуудад ирэх нислэгийг хойшлуулах эсвэл зогсооход хүргэжээ.


Даваа гарагт Тээврийн сайд Шон Даффи агаарын хөдөлгөөнийг хянагч мэргэжилтнүүд өвчний улмаас чөлөө авах нь “бага зэрэг нэмэгдэж” байгааг FAA-гаас анхааруулсныг уламжилжээ. Тэрбээр хэлэхдээ, засгийн газрын үйл ажиллагаа зогссон нь агаарын хөдөлгөөнийг хянагчдын ачааллыг нэмэгдүүлэх вий гэсэн болгоомжлолыг улам нэмэгдүүлж байгааг дурдаад, тэдгээр ажилтны дутагдал нь агаарын тээврийн компанийн удирдлагуудын санааг олон жилийн турш зовоосоор ирснийг ярьсан байна.


Харин Агаарын хөдөлгөөнийг хянагчдын үндэсний холбооноос мэдэгдэхдээ, ойролцоогоор 11 мянган хянагч үүрэгт ажлаа хэвийн үргэлжлүүлж, дийлэнх нь долоо хоногт зургаан өдөр 10 цагийн ээлжээр ажиллаж байгаа бөгөөд түр зогсолтын үеэр цалин хөлс авахгүйгээр сая сая зорчигчийг зорьсон газарт нь аюулгүй хүргэхийн тулд чин сэтгэлээсээ хүчин зүтгэж байна гэжээ.


Лхагва гаргийн эхээр FAA “Ньюарк Либерти” олон улсын нисэх онгоцны буудалд боловсон хүчин хомсдож болзошгүй гэж анхааруулсан боловч үдээс хойш уг сэрэмжлүүлгийг цуцалсан байна. “Ньюарк”-т одоогоор нислэгийн саатал үүсээгүй байгаа ажээ.


АНУ-ын Конгрессын Сенатын танхим санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг дахин баталж чадаагүй тул засгийн газрын түр зогсолт лхагва гарагт найм дахь өдрөө үргэлжилж байна.

 

関連ニュース