Энэтхэгийн лалын шашинтнууд "Лалын улс"-ыг эсэргүүцэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-14 09:31:58

ТЕГЕРАН. /IRNA/. “Лалын улс” бол лалын шашинтнуудын байгууллага биш гэсэн өргөх бичигт Энэтхэгийн лалын шашинтай 70 мянга орчим санваартан гарын үсэг зуржээ.

Лалын шашны Урс баярын үеэр Энэтхэгийн баруун хойд нутгийн Ражастан мужийн Ажмер хотод байрладаг, лалын гэгээнтэнд зориулсан шүтээнд зочилж байсан 1.5 сая хүн террорист халдлагыг эсэргүүцсэн өргөх бичигт гарын үсэг зурсан байна.

“Терроризмыг эсэргүүцэж буй хүмүүсийн гарын үсгийг цуглуулахаар Даргах Аала Хазратын гишүүд жил тутмын Урс шашны баяр эхэлснээс хойш хуудас тарааж байна” гэж өргөх бичигт гарын үсэг зурсан санваартнуудын нэг, хамба Мухаммад Салим Нури “Times of India” сонинд хэлсэн байна.

“Бараг 1.5 сая сүсэгтэн эсэргүүцлээ илэрхийлсэн. “Лалын улс” нь лалын байгууллага биш гэсэн өргөх бичигт баярын арга хэмжээнд оролцохоор цугласан 70 мянган санваартан гарын үсэг зурсан” гэж тэрбээр хэлэв.

“Лалын улс”, “Талибан”, “Аль-Каида” зэрэг бүлэглэлийг лалын гэж дуудахаа болихыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад тэрбээр уриалжээ.

Лалын шашинтнууд хэт давруу үзлийг буруушааж байна гэдгийг түгээхийн тулд Парисын халдлагын дараа энэ шийдвэрийг гаргасан гэж лалын санваартан Хазрат Субхан Раза Хан хэлсэн юм.

Х.Аминаа

 

関連ニュース