Йеменийн хэлэлцээ мэдэгдэхүйц амжилтад хүрсэнгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСАНА. /Anadolu/. Швейцарийн Биль хотод болсон, Йемений Засгийн газар болон “Хусит” шиитийн босогчдын бүлэглэл хоорондын НҮБ-аар зуучлуулсан хэлэлцээ мэдэгдэхүйц амжилтад хүрсэнгүй.
Сүүлийн 10 сард мянга мянган энгийн номхон иргэний аминд хүрсэн мөргөлдөөнийг төгсгөл болгох найдвар тээж, 1 дүгээр сарын 14-нд дахин хэлэлцээ хийхээр хоёр тал зөвшилцсөн байна.
Өнгөрсөн оны 9 дүгээр сард “Хусит” бүлэглэл Йемений нийслэл Сана хот болон бусад нутгийг булаан эзэлсний улмаас тус улсын Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хади болон түүний Засгийн газар Саудын Арабт түр орогноход хүрснээс хойш тус улсад эмх замбараагүй байдал үргэлжилсэн.
Гал зогсоох 7 хоногийн дэглэм Йеменд 12 дугаар сарын дундуур хэрэгжиж эхэлсэн ч “Хусит” бүлэглэл болон Хадигийн хүчин хэд хэдэн газарт пуужин харвасаар байсан юм. Гал зогсоох дэглэм нь мөргөлдөөн эхэлснээс хойш 3 дахь удаа хийсэн түр эвлэрэх оролдлого байв.
“Хусит” бүлэглэлийн эзэлсэн нутгийг чөлөөлж, Хадигийн Засгийн газарт эрх мэдлийг эргүүлэн шилжүүлэх зорилгоор 3 дугаар сард Саудын Араб болон тус улсын холбоотнууд агаарын болон хуурай замын цэргийн ажиллагааг Йеменд явуулж эхэлсэн юм.
Х.Аминаа