Трампыг лалын мөргөлийн газарт урив
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЛОНДОН. /Anadolu/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Бүгд найрамдах намаас өрсөлдөгч Дональд Трампыг Лондон хотын Финсбэри хүрээлэнгийн лалын мөргөлийн газарт ирж, Их Британи дахь лалын шашныг өөрийн биеэр үзэхийг тус улсын Лэйборист намын дарга Жереми Корбин урив.
Лалын шашинтнуудыг АНУ-д оруулахгүй байх болон Их Британи дахь лалын шашинтнуудын талаарх Трампын мэдэгдэл дэлхий нийтийг бухимдуулсан юм. Их Британи улсад бизнес хийх сонирхолтой тэрбумтныг тус улсад ирэхийг хорихыг уриалсан өргөдөлд 500 мянга орчим хүн гарын үсэг зуржээ.
“Трампыг Их Британид ирэхийг би хорихгүй” гэж ням гарагт өгсөн ярилцлагадаа Жереми Корбин хэлжээ.
“Дональд Трамп Их Британид ирэхэд асуудал байхгүй. Финсбэри хүрээлэнгийн лалын мөргөлийн газарт надтай хамт очихыг би урина. Дараа нь тэрбээр надтай хамт еврей сүмд очин, бид ярилцаж болно. Лондон, Бирмингем, Лестер болон Их Британи даяар бид шүтэлцээтэй, олон шашин, олон соёлоос бүрдсэн нийгэмд амьдардгийг Трамп ирээд харж болно. Тэрбээр зарим зүйлийг ойлгож магадгүй” гэж Корбин хэлсэн байна.
Лалын шашинтнууд АНУ-д ирэхийг ямар нэгэн аргаар хорих тухай Трампын санаа нь “доромжилсон” бөгөөд “утгагүй” болохыг АНУ-ын сонгогчдод Их Британийн Лэйборист намын дарга анхааруулжээ.
Х.Аминаа