3500 орчим хүнийг Францад оруулаагүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМПАРИС. /TASS/. Өнгөрсөн сард Парист үйлдсэн халдлагаас хойш бараг 3500 хүнийг Францад оруулахаас татгалзсан тухай тус улсын Дотоод хэргийн сайд Бернар Казнёв мэдээлжээ.
Энэ хугацаанд тус улсад 2898 нэгжлэг хийж, 346 хүнийг үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан хэрэгт сэжиглэн баривчилсан гэж тэрбээр хэлсэн байна.
Ийм арга хэмжээнүүдийг 11 дүгээр сарын 13-нд үйлдсэн Францын түүхэн дэх хамгийн цуст халдлагуудын дараа авчээ. Уг халдлагын улмаас 130 хүн амиа алдаж 350 хүн шархадсан юм. Хэд хэдэн амиа золиослогч оролцсон цуврал халдлагаас хэд хоногийн дараа Францын эрх баригчид онц байдал тогтоосон нь тусгай албад болон цагдаа нарын бүрэн эрхийг ихээхэн өргөжүүлэх боломж олгожээ. Тус улсын эрх баригчид түүнчлэн хилийн хяналтыг сэргээсэн байна.
Казнёвын хэлснээр, ийм арга хэмжээнүүдийг авснаар, тухайлбал, өнгөрсөн долоо хоногт ээлжит халдлага үйлдэх гэж байсныг таслан зогсоож чаджээ. Парис хотоос урагш оршдог Орлеан хотод халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хоёр гэмт этгээдийг энэ сарын 19-нд баривчилсан байна. Хэвлэлүүдэд мэдээлснээр, тэдний халдлагын гол бай нь цагдаа нар болох ёстой байжээ.
Д.Жаргал