Моди Москвад айлчилж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /ВВС/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Москвад хийх айлчлал өчигдөр эхэлжээ. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай жил тутмын хэлэлцээгээ хийнэ.
Хоёр удирдагч эрчим хүч, батлан хамгаалах салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулахаар төлөвлөжээ.
Хоёр улс хоорондын худалдааны эргэлт 10 тэрбум доллар бөгөөд ОХУ нь Энэтхэгийн хоёр дахь том зэвсэг нийлүүлэгч орон юм.
Хүйтэн дайны үед ОХУ, Энэтхэг хоёр ойрын холбоотон байсан боловч сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа хөндийрсөн байна.
ОХУ Пакистанд байлдааны нисдэг тэрэг нийлүүлсэнд Энэтхэг дурамжхан байгаагаа энэ жилийн эхээр илэрхийлсэн бол ОХУ-ын батлан хамгаалахын бүтээгдэхүүнийг сонголгүй Францын “Dassault Rafale” сөнөөгч онгоц болон АНУ-ын “Apache” байлдааны нисдэг тэргийг Энэтхэг авсан нь ОХУ-ын дургүйцлийг төрүүлсэн юм.
“Энэ айлчлалаараа эдийн засаг, эрчим хүч, аюулгүй байдлын салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Мөн бид шинжлэх ухаан, технологи, уул уурхай болон бусад салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодолтой байна. ОХУ, Энэтхэгийн худалдаа нэмэгдсэнээр хоёр улсад ч гэлтгүй дэлхий дахинд өгөөжөө өгөх юм” гэж Моди Москвад айлчлалынхаа өмнө мэдэгджээ.
"Ирэх 10 жилд хоёр улсын худалдааны эргэлтийг гурав дахин өсгөх зорилго бид өмнөө тавьсан бөгөөд үүний хүрээнд хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх асуудлыг нэн тэргүүнд тавиад байна. Өргөн хүрээний салбарыг хамарсан хэд хэдэн хэлэлцээр байгуулахаар төлөвлөсөн" гэж Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкар мэдэгдэв.
Д.Нямтулга