Гадаадад буй иргэдэд нь хэр аюул заналхийлж буйг тодорхойлно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСӨҮЛ. /TASS/. Иргэдэд нь учирч буй террорист аюулын түвшнийг тогтоох зорилгоор Өмнөд Солонгосын эрх баригчид ирэх оны нэгдүгээр сард гадаадын хэд хэдэн улсад засгийн газрынхаа комиссыг илгээхээр болжээ.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, уг комиссын бүрэлдэхүүнд дипломатчид, Батлан хамгаалах яам, тусгай алба, Цагдаагийн газар болон бусад эрх бүхий байгууллагын төлөөлөгчид орсон байна.
“Өмнөд Солонгост болон тус улсын гадаадад буй иргэдэд халдлага үйлдэх магадлал өсөн нэмэгдсээр байгаа. Тухайлбал, манай улсыг дайснуудынхаа жагсаалтад оруулсан террорист “Лалын улс” бүлэглэлээс учирч буй аюул занал нэмэгдсээр байна” гэж тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч онцлон дурджээ. Чухам ямар орнууд руу комисс илгээхээр төлөвлөж байгааг мэдээлээгүй байна.
Харин Өмнөд Солонгосын 11 иргэн янз бүрийн нөхцөлд амиа алдсан Филиппин улсад иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахад Засгийн газар ихээхэн хүчин чармайлт гаргана гэж тус улсын Цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлжээ. Филиппинд Өмнөд Солонгосын 88 мянган иргэн байнга оршин суудаг бол жил бүр нэг сая орчим хүн аялдаг байна.
Д.Жаргал