Бүгд найрамдах намыг Трамп тэргүүлсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-24 13:18:50

ВАШИНГТОН. /Xinhua/. 2016 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөгчдийг 39 хувийн дэмжлэг авсан тэрбумтан Дональд Трамп тэргүүлсээр энэ оныг үдэж буйг “CNN/ORC”-ийн шинэ санал асуулгаар тогтоов.

АНУ-д тулгараад буй томоохон асуудлуудыг Трамп хамгийн сайн зохицуулж чадна гэсэн Бүгд найрамдах намын дэмжигчдийн итгэл түүний тэргүүлэлд нөлөөлж буйг санал асуулгаар тодруулжээ.

Бүгд найрамдах намын сонгогчдын 57 хувь нь Трамп, 8 хувь нь Круз, 7 хувь нь Рубио, 6 хувь нь Карсон, 5 хувь нь Флорида муж улсын захирагч асан Жеб Буш АНУ-ын эдийн засгийн асуудлыг хамгийн сайн зохицуулж чадна гэж үзжээ.

Мөн сонгогчдын 55 хувь нь Трамп, 15 хувь нь Круз, 10 хувь нь Рубиог хууль бус цагаачлалын асуудлыг хяналтад авч чадна гэж үзсэн байна.

“Лалын улс” террорист бүлэглэлтэй хийж буй тэмцэлд Бүгд найрамдах намын сонгогчдын 47 хувь нь Трамп, 21 хувь нь Круз, 7 хувь нь Бушийг илүүд үзжээ.

Трампын дэмжигчдийн дийлэнх нь дээд боловсролгүй сонгогчид байгааг “CNN/ORC” санал асуулга тогтоосон байна. Бүгд найрамдах намын дипломгүй дэмжигчдийн  46 хувь нь Трампыг дэмжиж буй бол дээд боловсролтой дэмжигчдийн 27 хувь нь түүнийг дэмжжээ.

Х.Аминаа

関連ニュース