Цөмийн зэвсэг дэлхийг солироос хамгаална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamtulga@montsame.mn
2016-01-18 10:47:29

МОСКВА. /Sputnik/. Дэлхийд аюул учруулах асар том солирыг эсэргүүцэх хамгийн зөв сонголт бол цөмийн зэвсэг гэж ОХУ-ын  эрдэмтэд үзэж байна.

Цөмийн зэвсэг ашиглаж тэнүүлч солироос дэлхийг хамгаалах арга замыг хөгжүүлэх ЕХ-ны дэмжлэгтэй “NEOShield” хөтөлбөртэй хамтран ажиллахаар ОХУ-ын эрдэмтдийн баг гэрээ байгуулсан байна гэж “Telegraph” мэдэгдэв.

ОХУ-ын сансрын “Роскосмос” агентлагийн харьяа, тив хоорондын баллистик пуужин, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах пуужин үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн ОХУ-ын машин үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээ-судалгааны хүрээлэнгийн мэдэгдсэнээр, “NEOShield” хөтөлбөрийн хүрээнд солир эсэргүүцэх үр дүнтэй арга хэмжээг олохыг орон орны эрдэмтдэд үүрэг болгосон бөгөөд ОХУ-ын эрдэмтэд 2012-2015 онд сансрын биетүүдэд цөмийн бөмбөг дэлбэлж, чиглэлийг нь өөрчлөх туршилт хийсэн байна.

Сансарт цөмийн зэвсэг байрлуулах нь олон улсын сансрын гэрээгээр хориотой боловч тэнгэрт чөлөөтэй хөвөх биет дэлхийд аюул учруулах үед энэ гэрээ өөрчлөгдөнө гэж эрдэмтэд үзэж байна.

Дэлхийд аюул учруулж болзошгүй ойр байгаа биетүүдийг гүн сансар руу илгээж, чиглэлийг нь өөрчлөх хамгийн үр дүнтэй, аюулгүй арга зам бол биетүүдийг устгахын оронд цөмийн бөмбөг дэлбэлж чиглэлийг нь өөрчлөх юм гэж эрдэмтэд үзэж байна.

Д.Нямтулга

 

関連ニュース