Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-15 14:46:04

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг  хэлэлцэж байна.

Өнгөрсөн мягмар гарагт хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг анх хэлэлцэж эхэлсэн. Тухайн үед МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ, Авилгатай тэмцэх газрын гаргасан судалгаа, мэдээлэл болон өршөөлийн хуулиар улсад хохирол учруулсан гэх 100 гаруй иргэн, албан тушаалтны нэрийг зарлах, олон нийтэд ил болгосны дараа хоригийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, ажлын тав хоногийн завсарлага авч байсан. Өнөөдөр эл завсарлагын хугацаа дууссан тул Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Ингэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хэсэгчилсэн хоригийг хүлээж авахыг дэмжсэн.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан ийн өндөрлөсөн тул одоо нэгдсэн хуралдаанаар хоригийг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл хоригийг дэмжиж байгаагаа илэрхийлээд Монгол Улс өмнө нь Өршөөлийн тухай хууль гаргаж байсан.Өмнөх хуулиудад барьж байсан зарчмаа бариад явсан бол өнөөдөр энэ ажлын ард гарчихсан байх байсан. Энэ хоригийг хүлээж авснаараа жирийн хэргүүдийг өршөөх нь гэж ойлгож байгаа нь зөв үү гэсэн асуудлыг тодруулсан.

Хууль зүйн байнгын хорооны дарга  Б.Ганбат гишүүний асуултад жирэмсэн болон 3 хүртэлх насны эцэг эхчүүдэд хамаатах гэх зэрэг хэрэг өршөөлд хамрагдах нь хэвээрээ гэсэн тайлбар өглөө. Харин  УИХ-ын гишүүн Г.Уянга 114 хүнд холбогдох 350 тэрбум төгрөгийн хэрэг яригдаж байгаа. Сая нууцын зэрэглэлтэй материалыг гишүүдэд тараасан. Үүнийг үзэхэд нэр ус дутуу зэрэг учир дутагдалтай зүйл байгааг хэлж байлаа. Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хориг Ерөнхийлөгч хориг тавиагүйд гайхширч байгаагаа хэлээд  хамгийн том үнийн дүнтэй хэрэг бол Оюутолгойтой холбоотой хэрэг байсан гэв.

Түүнчлэн тэрбээр "Ерөнхий сайд асан С.Баярт эрүү үүсгэн шалгаж байгаа юу? Хууль хэвээрээ үйлчилсэн бол С.Баярт хуулиар өршөөгдөх байсан уу" гэсэн асуулт тавьсан Үүнд АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж, "350 тэрбум гэдэг бол буруу ойлголт. Хэлэлцэж буй хуулиараа бол АТГ-т шалгагдаж байгаа  32 тэрбум төгрөгийн хэрэг өршөөгдөх нь байна шүү гэсэн дүгнэлтээ ажлын хэсэгт хүргүүлсэн. С.Баярыг тогтоосон эрх хэмжээний хүрээнд шалгахад эрүүгийн хэрэг үүсгэх бүрэлдэхүүн алга гэж үзсэн" гэлээ. Ерөнхийлөгчийн хоригийг чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

 

Б.Туул

関連ニュース
コメント