П.Оростогоо: Цагдаа хүн бүр иргэдийнхээ хамгийн итгэлтэй туслагч нь байх ёстой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймагт гэмт хэргийн гаралт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоотой цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу? Аливаа баяр ёслолын үеэр хамгийн хариуцлагатай, хамгийн ажил ихтэй, хамгийн эрэлттэй байдаг хүмүүс бол цагдаа нар шүү дээ. Ард иргэд маань үүнийг мэддэг хэрнээ ойлгодоггүй юм шиг аашилдаг тал бий байх?
-Цагдаагийн ажилтны хуулиар хүлээсэн үүрэг бол гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, мөн урьдчилан сэргийлэх ажил, ажиллагаа юм. Бид аливаа тэмдэглэлт үйл явдал, баяр ёслолын үеэр иргэдийнхээ Аюулгүй,амар тайван баярлах нөхцлийг хангах үүднээс хамгаалалт, зохицуулалт хийж өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажилладаг. Хүн болгон тэгш эрхтэй. Энэ нийгэмд бусдаас давуу эрх эдлэх гэсэн санаархал бүхий цөөн хүмүүс таардаг л даа. Тэр хүмүүст бидний ажил тийм таатай сэтгэгдэл төрүүлэхгүй байгаа учраас бухимдсан, ойлгохгүй байгаа байдал ажиглагддаг.Тэрнээс биш иргэд маань тэгш байдал, эмх журмыг хүсч эрмэлзэж байдаг. Мөн бидний ажилд хүндэтгэлтэй хандаж шаардлага биелүүлээд, бусдынхаа эрхийг хүндэтгээд өөрийнхөө эрхийг төрийн цагдаагаараа хамгаалуулан хангуулж явдаг. Ер нь сүүлийн үед манай аймгийн хувьд цагдаа олон нийтийн хамтын ажиллагаа ойлголцол сайжирч байгаа шүү. Учир нь манайхаас хэд хэдэн нийгмийн давхаргад явуулсан социологийн судалгаагаар цагдаад итгэх итгэл нэмэгдсэн эерэг дүн мэдээ гарсан.
-Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын даргаар томилогдож ирээд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажлуудынхаа тухай дурдаж байсан. Өнөөдөр эргээд харахад та ямархуу ажлуудыг хийж амжуулж вэ?
-Хэнтий аймгийн хувьд байршил нь онцлог. Улаанбаатар хотоос 330 км, Дорнод Сүхбаатар аймагтай хиллэн оршихдоо хот явдаг төв магистраль замын зангилаа болдог. Хөдөлгөөнт явуулын хүмүүсийн дайран өнгөрөх байдал ихэссэн, мал нь таваарлаг зах зээлд маш хурдан борлогддог өндөр ашиг шимтэй, түүх соёлын үнэт өв соёл дурсгалт зүйл ихтэй, аймгийн төвдөө бүсийн хэмжээний төвлөрсөн хорих ангитай, архи согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийн тоо олширсон, архины хамааралтай иргэдийн тоо бас өндөр, гэмт хэргийн гаралтаар улсын хэмжээнд эхний байруудад явдаг гэх мэтчилэн шалтгааныг судалж үзээд цагдаагийн байгууллагаас юун дээр голчлон анхаарч ажиллах нь зүйтэй вэ, иргэдийнхээ Аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдгийг нилээдгүй бодож, хэд хэдэн зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэхийг зорьсон. Хамгийн түрүүнд цагдаа олон нийтийн ойлголцол хамтын ажиллагааг эрхэмлэх нь чухал. Иргэддээ чиглэсэн л бодлого хэрэгжүүлэхнь зүйтэй гэж үзсэн.Мөн гэмт хэрэг үйлдэгдэж, хэн нэгэн хохирч бас хэн нэгэн нь холбогдож байхаас илүү гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэн гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлбэл дээр хэлсэнчлэн иргэд рүүгээ хандсан үйлчилгээ болох байх гэж үзсэн. Алба хаагчдаа чадавхижуулах бодлого барьж, дотооддоо сэтгэл зүйн болон онол практикийн хичээл сургалтуудыг нилээдгүй зохион байгуулахыг хичээсэн.
Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтийг муухай харагдуулаад байгаа архидалтыг цэгцлэх, согтуугаар үйлдэгдээд байгаа гэмт хэргийг бууруулах, малын хулгай, байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэргийг бууруулах, илрүүлэлтийг ахиулах чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжүүлж, ажилласан. Зорилго зорилт маань хэрэгжиж нааштай үр дүн гарч байгаа нь хамт олны маань хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөрлөсний илэрхийлэл юм. Иргэдийн маань дэмжлэг их чухал. Цагдаагийн ажил бол хэн нэгэнд таалагдах гэж хийдэг, хийгддэг ажил биш. Хууль зөрчсөн бол шийтгэл цээрлэл нь тодорхой байдаг.
- Цагдаагийн газар энэ жил ямар зорилт дэвшүүлэн ажиллав. Тавьсан зорилгодоо хүрч чадсан уу?
-Манай цагдаагийн газрын 2013-2016 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө гэж бий.Энэ төлөвлөгөө зорилго,зорилт,байгууллагын маань алсын хараа, хүрэх түвшин, хүлээгдэж буй гүйцэтгэл бүгд л тусгалаа олсон байгаа. Жил жил онцлог байдаг ч голчлон үйлдэгддэг тодорхой төрлийн гэмт хэргүүдийг бууруулах, илрүүлэлтийг өнгөрсөн жилийнхээс ахиулах,хохирол нөхөн төлөлтийг нэмэгдүүлэх, ялангуяа согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн гаралтыг бууруулах, иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг, малын хулгай, байгаль орчны журмын эсрэг хэрэг зөрчлийг бууруулах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг бууруулах зорилго тавьсан. Манай хамт олон зорилгодоо хүрч чадсаныг та бүхэн тоон үзүүлэлтээс бүрэн харж болно. Иргэдийн маань ч ухамсар хандлагад өөрчлөлт гарсан жил байлаа.
-Өнгөрсөн онд алба алба хаагчдынхаа нийгмийн асуудалд нэлээд анхаарал хандуулсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн санагдсан?
-Тийм шүү. Алба хаагчдынхаа ажиллах, амьдрах нөхцлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хийгдсэн нэг ажил бол Чингис хотын 4 дүгээр багт байрлалтай цагдаагийн алба хаагчдын 24 айлын орон сууцыг цагдаагийн байгууллагаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан өндөр настнууд, одоо ажиллаж байгаа алба хаагчдын гэр бүлүүдэд хуулийн дагуу хувьчилсан явдал юм. Бидний нэрлэж заншсанаар “Цагдаагийн байр” хэмээн нэрлэдэг энэ орон сууцны 1 м2 талбайг 270.000 төгрөг буюу нэг айлын орон сууц 15-18 сая төгрөгийн үнэ ханштайгаар алба хаагчдад очсон. Мөн Чингис хотын А зэрэглэлийн бүсэд сүндэрлэсэн Хэрлэн хороололд аймгийн Онцгой байдлын газартайгаа хамтран 42 айлын орон сууцыг нэг жилийн дотор барьж ашиглалтанд оруулж, алба хаагчид маань шинэ байрандаа ороод байна. Энэ мэтчилэн алба хаагчдынхаа нийгмийн асуудалд бодитой хувь нэмэр оруулах олон ажлууд цаашид хийгдэх болно.
-Олон нийтэд түшиглэсэн хууль сахиулах ажиллагааг орон нутагт хөгжүүлэх ажил Хэнтий аймагт ямархуу явагдаж байна вэ?
-Ерөөсөө л олон нийтэд түшиглэж цагдаагийн бүхий л ажил хийгддэг.Хүний нийгэмд өрнөж байгаа өрнөлийн аль зөв, аль бурууг цагдаа хянаж, зөвийг зөвөөр нь явуулж, бурууг нь таслан зогсоож байх үүрэгтэй. Нэг үгээр хэлбэл иргэдийнхээ хамгийн итгэлтэй туслагч нь байх ёстой. Манай аймагт хийгдэж байгаа онцлог ажлууд гэвэл сар бүрийн Пүрэв гаригт явдаг Олон нийтийн эргүүл, сургууль цагдаа хөтөлбөр, малчдын бүлэг холбоо иргэний зөвлөл, тусгай дугаар 133111 утас, иргэд малчдын мессеж харилцаа, нээлттэй ил тод байх зарчимтай веб сайт, фейсбүүк, хэвлэл мэдээллийн байгууллагынхны хамтын ажиллагааны үр дүнд хийгдсэн “Цагдаагаас мэдээлж байна”, “Халуун цэг”,“Харих болоогүй аав” зэрэг олон асуудал дэвшүүлсэн нэвтрүүлгүүд, сонинд тавигдсан онцлог мэдээллүүд, жил дараалан гаргаж байгаа “Аюулгүй амар тайван Хан-Хэнтийн төлөө хамтдаа“ сэтгүүлийн цувралууд, санаачлан гаргаж иргэддээ хүргэсэн “Уриалга”-ууд, аймгийн болон бүсийн хэмжээний зөвлөгөөнүүд зэрэг дурьдах ажил олон байна. Бүр аваар осол гардаг замын хар цэгүүд дээр лам нартайгаа нийлээд шашин номын зан үйл хүртэл хийж сүм хийдүүдтэйгээ хамтарч Хэнтий аймгийнхаа иргэдийг амар байлгахын тухайд шүтээн бурханыг хүртэл бие бүрэлдэхүүнээрээ тахиулж, хийд орчмын хогийг цэвэрлүүлж байсан даа. Энгийнээс агуу зүйл бүтдэг гэдэг. Цагдаа ч гэсэн хүн Монгол улсын иргэн шүү дээ.Тэдэнд өмрөх зүрх бий.Төрийн сүлдээ тэргүүндээ залаад мөнгөн мөрдсөн дор биеэ хийгээд ирэхээр”явдаг Төр” болдог.
-Ажил үүрэгтээ үнэнч, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг, хамт олны нэгдмэл байдалгүйгээр ажил урагшлахад бэрх. Таны ажилдаа баримталдаг зарчим, хамт олондоо мөрдүүлдэг дүрэм юу вэ?
-Миний хувьд энэ байгууллагын өрхийн тэргүүний хувиар хамт олныхоо өмнө хүлээсэн үүрэг бий. Байгууллагын даргын хувьд улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг ч байна. Монгол улсын иргэн хүний хувьд манай хамт олныг надаас өмнө туршлагатай, Монголын цагдаагийн шилдэг дарга нар удирдаж байсан учраас “Хэнтийн цагдаа” гэдэг ойлголтыг /школыг/ бүрдүүлж өгсөн. Хэнтийн цагдаад ажиллаж байгаад шилжээд явсан залуучууд томилогдон очсон анги байгууллагадаа шилдэг нь болж чаддаг, чадсан олон жишээ бий. Хэнтийн цагдаад ажилласан боловсон хүчин нойр даадаг, хоол даадаг, үг даадаг болж хүмүүждэг. Хамт олноо нэг “Гэр бүл” байхыг, ажлын газраа хоёр дахь гэр шигээ бодож ажиллахыг, нэг нь нийтийнхээ төлөө,нийт нь нэгнийхээ төлөө байхыг уриалж, зөвд зөөлөн, бурууд хатуу байх зарчим баримталдаг. Бидний гэр бүлдээ зарцуулах цаг зав бага, төрийн ажлаас гадуур ажил үйлдвэрлэл эрхлэх нь хязгаарлалттай байдаг ажлын онцлогоос шалтгаалан “Цагдааг сонгосон бол цагдаа шиг бай”-хыг шаарддаг. Бид чинь тангарагтнууд учраас тангарагаа умартаж үл болно.Манайхыг олон эрэгтэй хүүхэдтэй айлаар төсөөлж ойлгож болох юм.Сайн эцэг байхын тулд надаас шалтгаалах олон зүйл бий. Алдааг минь засч бэрхшээл саадыг хамтдаа туулж, амжилт ололтыг цогцлоож яваа эрхэм журмын нөхөд, хамт олондоо баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.
-Үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэн шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлэх хүртэл мэдээж цагдаагийн алба хаагчдаас өндөр ур чадвар, цаг хугацаа, тодорхой хэмжээний улсын төсөв хөрөнгө зарцуулагдсан байж таарна. Гэтэл тухайн хэрэг хэрэгсэхгүй болох, тэнсэх, цагаатгагдах, өршөөгдөх зэргээр шийдэгдэж иргэд хохирсоор. Ер нь өршөөлийн хууль гэх “төрийн энэрэнгүй хайр”-нд өлгийдүүлсэн гэмт этгээдүүдийг зүгээр л тавиад явуулчихаж байгаа нь хэр зөв юм бэ. Та энэ тал дээр ямар бодолтой явна вэ?
-Цагдаа бол төрийн хуулийг сахиулагч, хууль гарсан бол хэрэгжилтийг хангах л үүрэгтэй. Хууль хяналтын механизм бол нэг нэгнээсээ шууд хамааралтай гинжин урвал мэт байж хэрэгждэг.Гэмт хэрэг илрүүлэх, таслан зогсоох үйл ажиллагааны зардал нь мэдээж түлхүү байх нь ойлгомжтой.Хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаанд прокурор хяналтаа тавиад, шүүх эцсийн шийдвэрийг үе шаттай гаргадаг.Хэн нэгний гэм буруутайг шүүх тогтоодог. Хэнтий аймагт “Өршөөлийн тухай хууль”-нд хамрагдаж бусад хорих ангиас суллагдсан 27 хүн ирсэн. Манай аймгийн хорихоос 47 хүн суллагдаж гарсан. Бид тэдгээр хүмүүсийг хүлээн авч уулзан шинэ амьдралдаа тавтай морил, дахин алдахгүй байхыг хүний эрх, эрх чөлөөг дээдэлж бусдын эрхийг хөндөхгүй байхыг зөвлөж хэлсэн дээ. Бид мэдээллийн зуунд амьдарч байна. Дэлхий даяаршиж байна. Хүмүүсийн ухамсарт их өөрчлөлт гарч байна. Мэдээж нэг л олдох амьдралаа цааш хэрхэн үргэлжлүүлэх нь тэдний бодол оюунд нь байгаа. Хамгийн гол нь тэр хүмүүсийг нийгэм ойр дотных нь “Хүн” гэдэг талаас нь ойлгож хүлээн авч чадваас буцаж тэр муухай савандаа ирэхгүй... Сэтгэл зүй, тэвчээр гээд олон хүчин зүйл нөлөөлнө. Яруу найрагч О.Дашбалбарын “Хүмүүсээ амьддаа бие биеэ хайрла” гэдэг шүлэг хүмүүст олон олон зүйлийг хэлээд байх шиг санагддаг.
- Өнөөдөр Цагдаагийн алба хаагчдын өмнө тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?
-Дэлхийн хөгжил юу билээ, мөн дэлхийн цагдаагийн хөгжил юу билээ. Тэр хөгжилтэй хөл нийлэн алхах гэж улс маань ч тэр, хүн ард маань ч тэр тэмүүлж л байна.Бид ч ялгаагүй хүсч мөрөөдөж зорьж байна. Маргааш болгоныг өөдрөгөөр харж байгаа учраас манай хамт олны хувьд тулгамдаж байгаа асуудлаа шийдээд явчихна аа.
-Шинэ оны ажлын төлөвлөгөө тань гарсан уу. Нууц биш бол ямар ажлаар эхлүүлэх вэ?
-Гэмт хэрэг, зөрчил бол нийгмийн үзэгдэл учраас шууд хазаарлан боож үгүй болгоно гэж байхгүй. Хүний амьдрал байгаа газарт асуудал байх нь ойлгомжтой.Цагдаа хууль хяналтын байгууллага алба хаагчийг нийгмийг эмчлэгч эмч гэж ойлгодог. Тийм учраас бид сайн эмч байх ёстой. Маш олон шинэ хууль батлагдлаа. Эрх зүйн орчин бүхэлдээ ирэх онд өөрчлөгдөнө. Хамгийн түрүүнд тэр шинэ эрх зүйн орчинд алба хаагчдаа бэлтгэнэ. Эмч хүн алдаа гаргах эрхгүй биз дээ. Эмч хүн өвчтөнөө буруу эмчилвэл тэр хүний амьдралын үргэлжлэл амь нас яригдана. Тэгвэл цагдаа хуулийнхан ажилдаа алдаа гаргавал мөн л ялгаагүй тэр хүний бүр айл өрхийн, үр хүүхдийн хувь заяа амьдралын үргэлжлэлийн асуудал хөндөгдөнө.Тийм учраас алба хаагчдаа шинэ хуулийг судлуулах сургалтуудаар ажлаа эхэлнэ. Дараа нь иргэддээ хууль сурталчлах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төсөөлж төлөвлөж байна. Бусад ажил бол бидний хийж хэрэгжүүлж хэвшсэн ажил. Нилээд өргөн хүрээтэй ажлын төлөвлөгөө боловсрогдон гарч байгаа. Бид аль болох ил тод нээлттэй, шударга, шуурхай, хуульч ажиллагааг эрхэмлэж ажиллах болно.
-Урилгыг минь хүлээн авч ярилцсанд баярлалаа. Уншигчдадаа хандаад?
-Монгол төрийн голомт бадамлан ассан түүхт нутгийн эзэд Шинэ үеийн Хэнтийчүүд бидэнд буруу зүйл хийх эрх байхгүй. Хуулиа дээдэлж, амар амгаланг эдэлж, сэтгэл тэнүүн ажиллаж амьдарцгаая.
Хэнтий аймаг О.Буянхишиг