Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагад тэнцсэн залуус албандаа мордов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-10-19 16:57:31
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар тэнцсэн залуус 10 дугар сарын 18-нд цэргийн албандаа мордлоо.
Баянхонгор аймгаас цэрэг татлагын комиссын үзлэгт тэнцсэн залуус Улаанбаатар хот, Өмнөговь, Өвөрхангай аймгийн цэргийн ангиудад хуваарилагджээ.
Цэргийн тоо, очиж буй дугаар анги нууцын зэрэглэлд хамаарах учир тодорхой мэдээллийг албаныхан өгсөнгүй. Харин энэ жилийн тухайд “Цэргийн насны залуус эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байх явдал багассан. Сүүлийн нэг жилийн хугацаанд цэргийн насныхны залууст хийсэн мэдээлэл сурталчилгаа, эрүүл мэндийн үзлэг шинжилгээ зэрэг цогц ажлын дүнд өмнөх жилүүдэд цэргийн албанд тэнцээгүй залуус эрүүл мэнд зэрэгтээ анхаарснаар энэ жил тэнцэж цэргийн албанд мордож буй" гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга А.Ганболд ярив.
Сонирхуулахад, Баянхонгор аймгаас 2017 оны хоёрдугаар ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдаж Улаанбаатар хот болон Өвөрхангай аймгийн цэргийн анги нэгтгэлүүдэд алба хаасан хугацаат цэргийн алба хаагчид халагдаж, энэ сарын 15-нд төрөлх нутагтаа ирсэн байна. Тэднийг аав ээж, гэр бүлийнхнийх нь хамтаар аймгийн удирдлагууд угтан авч баяр хүргэсэн бөгөөд энэхүү хүндэтгэл, угталтын үйл ажиллагааг сүүлийн хоёр жил цэргийн штабаас зохион байгуулж байгаа юм.
Энэ нь эр цэргүүдээ алдаршуулах зорилготойгоос гадна тэдний цаашдын ажил амьдралд чиг болох үүднээс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Боловсрол соёл урлагийн газар, Политехникийн коллежийн дэргэдэх Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох төвөөс мэдээлэл танилцуулгыг хийж, зарим залуусыг ажилд зуучлах үйлчилгээ үзүүлдэг байна.
Б.Мөнхзул

関連ニュース