Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-10-23 09:55:57

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногийн дундуур Баянхонгор аймгийн хээр тал болон говийн нутгаар салхи шуургатай, хүйтэн байхыг УЦУОША-наас анхаарууллаа. Цаг агаарын энэхүү үзэгдлийн улмаас үзэгдэх орчин хязгаарлагдах, малчид малтайгаа шуурганд уруудах зэрэг хүндрэл үүсэж болзошгүйг мөн сануулж байна.

Энэ сарын 24-нд хангайн уулархаг нутгаар цас орно. Салхи хурд 24-25-нд говийн нутгаар 12-14м/с, зарим үед 18м/с хүрч ширүүсэх юм байна. Бусад нутгаар баруунаас 5-10м/с байх бол 24-нөөс нийт нутгаар хүйтэрнэ.

Бусад хугацаанд хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Алтайн салбар уулсаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байх аж. Харин Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байх нь.

Б.Мөнхзул

関連ニュース