“Malaysia Airlines” компанийг шүүхэд өглөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-07 16:06:26

БЭЭЖИН. /TASS/. 2014 оны гуравдугаар сард сураггүй алга болсон Малайзын “Boeing” онгоцны 12 зорчигчийн төрөл төрөгсөд “Malaysia Airlines” компанийн эсрэг шүүхэд гомдол гаргажээ. Хятадын Төв телевизийн мэдээлснээр, гомдлыг Бээжин хотын шүүхэд өгсөн байна.

“Болсон хэрэг явдлын хариуцлагыг агаарын тээврийн компани хүлээх ёстой учир бид шүүхэд гомдол гаргасан” гэж сураггүй болсон зорчигчдын төрөл төрөгсдийн нэг хэлжээ. Шүүхэд гаргасан гомдолд 755 мянган юаниас /115.7 мянган доллар/ 1.23 сая юань /188.6 мянган доллар/ хүртэл нөхөн төлбөр олгохыг шаардсан байна.

2014 оны гуравдугаар сарын 7-8-нд шилжих шөнө Куала-Лумпур-Бээжингийн чиглэлд MH370 дугаартай нислэгийг үйлдэж байсан Малайзын агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн “Boeing 777-200” онгоц ниссэнээсээ хойш хоёр цагийн дараа холбоо тасарсан байна. Уг онгоцонд багийн 12 гишүүнээс гадна 227 хүн зорчиж байжээ.

“Boeing 777-200” онгоцыг осолд орж, онгоцонд сууж явсан бүх хүн амиа алдсаныг Малайзын эрх баригчид өнгөрсөн оны нэгдүгээр сард хүлээн зөвшөөрсөн юм. Малайзын “Boeing”-ийг эрж хайх ажлыг дахин нэг жил орчим үргэлжлүүлнэ гэж Австрали, Хятад, Малайзын эрх баригчид өнгөрсөн оны дөрөвдүгээр сард мэдэгджээ. Эрлийн тодорхой бүсэд явуулж буй ажил энэ оны дундуур дуусна гэж Австралийн Перт хотод төвтэй Олон улсын зохицуулах төвийн мэргэжилтнүүд үзэж байгаа аж. 

MH370 дугаартай нислэгийг үйлдэж байсан онгоц энэ жил олдоно гэдэгт найдаж буйгаа Австралийн Тээврийн аюулгүй байдлыг хангах товчооны тэргүүн Мартин Долан илэрхийлсэн байна.

Малайзын онгоц сураггүй алга болсноос хойш хоёр жил өнгөрч байгаатай холбоотойгоор сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө тэрбээр эрж хайх ажиллагаанд оролцогсод “Энэтхэгийн далайд Австралиас баруун тийш нийтдээ 120 хавтгай дөрвөлжин км газарт эрлийн тодорхой бүсийн бараг дөрөвний гурвыг самнаж дууссан болохыг” мэдээлжээ.

Д.Жаргал

 

 

関連ニュース