Төслийн дэмжлэгтэйгээр баяд, барга үүлдрийн хонь үржүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-12-25 19:46:25

Архангай /МОНЦАМЭ/. Нүүдлийн мал аж ахуйг тогтвортой оршин тогтнох болон хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор "Хөдөө орон нутагт байх төрийн бус байгууллагуудын чадамжийг бэхжүүлэх” төслийг Монокогийн Засгийн газрын санхүүжилтээр Францын хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид ОУБ, Архангай аймгийн малчдын холбоо хамтран хэрэгжүүлж дууслаа.


Төслийн хүрээнд малын үржлийн хөтөлбөр, бэлчээрийн микро төсөл, малчдын орлогыг нэмэгдүүлэх, бруцеллёз өвчинтэй тэмцэх загвар хөтөлбөр зэрэг үйл ажиллагааг явуулсан юм.


Малын үржлийн хөтөлбөрийн зорилго нь малын чанарыг сайжруулснаар бэлчээрийн талхлагдлыг багасгах, чанартай хээлтүүлэгч малын тоог нэмэгдүүлэх, малын үржлийн талаар малчдын мэдлэг чадварыг сайжруулах явдал байв. Энэ хүрээнд 10 орчим арга хэмжээг зохион байгуулсан ба үржлийн нэгж байгуулж, малчинтай гэрээ байгуулан баяд, барга үүлдрийн хээлтүүлэгчийг үржилд ашиглуулсан байна. Мөн үржлийн хөтөлбөрт хамрагдсан өрхүүдэд хурга жигнэх жин олгожээ. Баяд, барга хургууд жирийн хурганаас 1 кг орчмоор бага жинтэй төрж байгаа ч 50, 100 хоногуудад 15-22 кг, намрын амьдын жин нь 37 кг болж өссөн байна. Өөрөөр хэлбэл, жирийн хурганаас 4-5 кг-аар илүү байгаа үр дүнг үзүүлжээ. Одоо ч энэ сүргийн бүтцийг авч үлдэх талаар ажиллаж, 164 хээлтүүлэгчийг өсгөн бойжуулжээ.


Төслийн нэг хөтөлбөр болох бэлчээрийн микро төслийн хүрээнд малын тэжээл тариулах, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд нь малчид, малчдын бүлгүүдэд талбай хаших тор, гүний худгийн насос, мотор, хадуур, усны нөөцийн сав, нэг болон олон наст ургамлын үр, усны помп, шонгийн модны гоожингийн үнэ, төмөр утас зэрэг нийт 37,0 сая төгрөгийн  дэмжлэг  үзүүлсэн байна.

関連ニュース