Ойжуулалтад зориулж төсвөөс хуваарилсан хөрөнгийг үр ашиггүй зарцуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. 2018 оны сүүлээр Архангай аймгийн Төрийн аудитын газраас аймгийн ойжуулалтын ажилд давтан аудит хийжээ. Аудитын дүнгээр 2017, 2018 онд хийгдсэн ойжуулалтын үр дүн хангалтгүй, 2 дахь жилийн нөхөн тарилт, арчилгаа тордолгоог хийгээгүй, хамгаалах хашаа бариагүй зэргээр төсвийн хөрөнгийг өмнөх шигээ үр ашиггүй зарцуулсныг тогтоожээ.
Өмнө нь 2016 онд Ойжуулалт, ойн цэвэрлэгээнд зориулж төсвөөс олгосон хөрөнгийн зарцуулалтын үр дүнг шалгаж, 154.4 сая төгрөгийн зөрчлийг арилгаж хамгаалалтын хашаа бариулж, 2 ба 3 дахь жилийн нөхөн тарилтыг гүйцэтгэгчээр хийлгүүлж, хүлээн авах албан шаардлагыг аймгийн БОАЖГ-т өгч байжээ. Мөн ойжуулалтын үр дүнг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн 7 заалт бүхий зөвлөмжийг аймгийн Засаг дарга, БОАЖГ-т хүргүүлсэн байдаг.
Давтан аудитаар өмнөх аудитаас өгсөн боловч бүрэн хэрэгжүүлээгүй гурван зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, 2017, 2018 онд хийсэн ойжуулалтын нөхөн тарилт, хамгаалах хашаа зэрэг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулж, хүлээн авахыг зөвлөсөн байна. Мөн цаашид ойжуулалт бүрийн 2 дахь, 3 дахь жилийн нөхөн тарилт, хамгаалах хашаа хийлгэх ажлыг гүйцэтгүүлж, гэрээний хэрэгжилтийг хангуулж байх, 2014-2016 онд төсвөөс санхүүжилт авч хэрэгжүүлэн хүлээлгэн өгсөн боловч уг талбайд таримал мод байхгүй буюу төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан асуудлыг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх албан шаардлагыг БОАЖГ-т хүргүүлжээ. Түүнчлэн ойжуулалтад зарцуулах хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх, ойжуулалтын үр дүнг дээшлүүлэх зөвлөмжийг аудитын газраас гаргасан байна.