1000 орчим гахайнд тандалт хийхэд өвчний шинж тэмдэг илрээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-01-21 17:27:22

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс 1 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж гахайн гаралтай түүхий эд болон мах махан бүтээгдэхүүнийг түр хугацаагаар оруулахыг хориглосон шийдвэр гаргасан. Үүний хүрээнд аймгийн Мал эмнэлгийн газраас аймгийн хэмжээнд гахайн аж ахуй эрхэлдэг 8 сумын 39 өрхийн гахайны судалгааг гарган 946 гахайнд үзлэг тандалт хийхэд өвчний шинж тэмдэг илрээгүй байна.

Мөн 1282 м2 хашаа, хороонд ариутгал халдваргүйтгэл хийжээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний захын 62 павильон, 13 хүнсний бөөний дэлгүүр, 18 хоолны газрын гахайн махны худалдаанд хяналт шалгалт хийж, 67,88 кг гахайн мах буюу 554.455 төгрөгийн гахайн махыг битүүмжлэн, түр хугацаанд хэрэглэхгүй, дахин татан авахгүй байхыг анхааруулсан байна. Аймгийн Онцгой байдлын газраас Эрдэнэбулган сумын гахай малладаг 20 гаруй иргэнтэй уулзаж тус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөгөө өгчээ.

Шаардлагатай үед хэрэглэх эм тариа, техник хэрэгслийн нөөцийг албад мэргэжлийн ангиуд бүрдүүлж бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллаж байна.

関連ニュース