Жаахан шарга театрын уран бүтээлчид ОХУ-д аялан тоглолт хийх гэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Тус
аймгийн Жаахан шарга театрын уран бүтээлчид 28 жилийн дараа
ОХУ-д аялан тоглолт хийх гэж байна. Тэр дундаа Буриад ахан дүүстэйгээ өөрсдийн
уран бүтээлээр учиран золгох бөгөөд гурван хотод тоглолтоо хийх ажээ. Энэхүү тоглолт
болоод хоёр орны театрын хамтын ажиллагааны эхлэлийн талаар Жаахан шарга ХЖТ-ын
дарга Г.Баярцогттой цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу та? Их ажлын хажуугаар урилгыг минь хүлээн
авч, цаг зав гаргаж байгаад баярлалаа?
-Сайн, та сайн байна
уу. Хийж буй ажлынхаа талаар олон түмэнд мэдээлэл өгнө гэдэг маш чухал шүү дээ.
Тиймээс таны урилгыг маш талархан хүлээн авч байгаа.
-Жаахан шарга театрын удирдлагын бүрэлдэхүүн саяхан ОХУ-ын
Улан-Үдэ, Буриад хотоор айлчлаад ирсэн. Мэдээж ажил хэргийн айлчлал байсан гэж
бодож байна. Энэ талаар яриагаа эхлүүлье?
-Тэгэлгүй яахав. Бид шинэ
оны эхэнд Буриадын театрын урилгаар албан ёсны ажлын айлчлал хийгээд ирлээ.
Оросын театрын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах маш сайхан боломж
байлаа. Манай театрын хувьд ихэвчлэн урд хөрштэйгөө хамтарч ажилладаг. Энэ жилээс
гадаад харилцаагаа илүү өргөжүүлж хойд хөрштэйгөө мөн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна. Айлчлалын хүрээнд Буриадын театрын уран бүтээлчдийн
гурван жүжгийг үзлээ. Мөн Улан-Үдэ хотод байдаг таван театрын гурвынх нь үйл
ажиллагаатай танилцаж, тоглолтуудыг нь үзэж сонирхсон. Уран бүтээл, театруудын
үйл ажиллагаанаас гадна Оросын үзэгчид гэдэг үнэхээр үлгэр жишээ авмаар юм
байна гэдгийг маш сайн ойлгож, бишрээд ирсэн дээ. Тэднээс суралцах юм үнэхээр
их байна.
-Хоёр орны театрын хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг
байгуулагдаагүй юм уу?
-Яг албан ёсны гэрээ
хэлэлцээрийг цаасан дээр хийсэнгүй. Эхний ээлжинд аман байдлаар ярилцаж,
тохиролцсон зүйлүүд байгаа. Хамгийн гол нь буриад үндэстэн гэдэг бол монгол
ахан дүүс шүү дээ. Тэр утгаараа биднийг маш сайхан найрсгаар хүлээн авч, мөн тэр
хэрээрээ итгэл үзүүлж байгаа. Бид харилцсан ярилцсны үндсэн дээр манай Жаахан
шарга театрын уран бүтээлчид ОХУ-ын гурван хотод өөрсдийн тоглолтоо хийх
тохиролцоог хийсэн. Үүний хүрээнд бэлтгэл ажлууд хангагдаж байна. Энэ сарын
21-нд ерөнхий найруулагч, уран сайхны удирдаачаар ахлуулсан баг бүрэлдэхүүн
замдаа гарна. Энэ удаагийн тоглолт их онцлогтой. 1991 оноос хойш ОХУ-ын Буриад
хотуудаар Сүхбаатар аймгийн уран бүтээлчид очоогүй байна. Тэгэхээр 28 жилийн
дараа элэг нэгт ахан дүүстэйгээ Жаахан шарга театрын уран бүтээлчид өөрсдийн
тоглолтоороо уулзах гэж байна. Үүнд хоёр тал маш их баяртай байгаа.
-Аялан тоглолтын үеэр хамтран ажиллах гэрээ байгуулагдах
юм байна гэж ойлголоо?
-Тийм. Жаахан шарга театрын ерөнхий найруулагч, уран сайхны удирдаач МУСТА, З.Далай энэ удаагийн баг бүрэлдэхүүнийг удирдаж явна. Мэдээж тоглолтын үеэр театруудтай хамтран ажиллах санамж бичиг, гэрээнүүдийн зарим нь байгуулагдах байх. Бид өмнө нь айлчлахдаа Буриадын театрын хамт олныг мөн нутагтаа урьсан. Тэд урин дулаан цаг орохоор ирэх байх. Энэ үеэр гэрээний асуудал гол яригдана. Хамтын ажиллагааны хүрээнд уран бүтээл солилцохоос гадна уран бүтээлчид, багш нараа, найруулагчдаа солилцож, харилцан туршлага судлуулах явдалд бид хамгийн их анхаарч байгаа.
-Очоод тавих тоглолтын талаар мэдээлэл өгнө үү. Мэдээж
өөрсдийн үндэсний урлагийг түлхүү харуулсан тоглолт байх болов уу?
-Манай уран бүтээлчид
үндэсний урлаг, тэр дундаа Дарьгангын түүх, өв соёлыг илэрхийлсэн бүрэн хэмжээний концертыг тайзнаа тавина. Мэдээж буриад
зон олны ёс уламжлалыг харуулсан болон Халх голын 80 жилийн ойд зориулсан үзүүлбэрүүд
мөн багтсан байгаа.
-Хойд хөрш болох ОХУ-тай хамтын ажиллагааг амжилттай
эхлүүллээ. Энэ бол танай хамт олны гадаад харилцаагаа өргөжүүлж буй нэг хэлбэр
шүү дээ. Дараагийн шат юу байх бол?
-Тэгэлгүй яахав, үүнийг манай театрын удирдлагын баг бүрэлдэхүүн ярилцаж, гуравдагч улс ямар улс байх вэ гэдгийг судлаж байна. Мэдээж холыг харалгүй яахав. Гэхдээ БНХАУ болон ОХУ гэх хоёр том гүрэн, хөрш оронтойгоо хамтын ажиллагаагаа маш сайн бэхжүүлж, тодорхой үр дүнд хүрсний дараа үүнийг илүү тодорхой болгох байх. ОХУ-руу тоглолтын баг хөдөлсний дараа театрын зарим удирдлагууд БНХАУ-ын ӨМӨЗО-нд мөн очиж албан ёсны ажил хэргийн уулзалтыг хийхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна.
-ОХУ-ын гурван хотод явж тоглолт хийхэд багагүй зардал
гарна. Үүнийг хэрхэн шийдсэн бэ?
-Нийт 28 уран бүтээлч
явна. Зургаан хоногийн хугацаанд 3000 гаруй километр замг туулна. Манай хамт
олны хувьд маш холын аялан тоглолт болж байгаа л даа. Унаа машины бензин түлш,
хоол унд, байр сав гээд энэ олон хүний зардал мэдээж бага биш. Бид өөрсдийн
нөөц бололцоог ашиглан зардлаа бүрдүүлж байна. Ер нь аливаа жлын эхлэл гэдэг
чухал шүү дээ. Тиймээс бид ганцхан мөнгөгүй гэдгээр гацах бус, харин ч ямар
нэгэн байдлаар эхлүүлэх нь зөв гэж үзэж байгаа. Нөгөө талаар бид тэнд очоод
Монгол Улс, тэр дундаа Сүхбаатар аймаг гэдэг нэрийг гаргана. Тийм болохоор
аймаг орон нутгийн удирдлагуудыг тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлнэ байх гэж
найдаж байгаа. Бид удахгүй удирдлагуудтай уулзаж ажлаа танилцуулан, тодорхой
дэмжлэг хүсэх болно.
-Аялан тоглолтын бэлтгэл гээд завгүй байгаа байх. Гэхдээ орон
нутгийнхаа үзэгчдэд ойрын хугацаанд ямар ямар уран бүтээл хүргэхээр төлөвлөсөн
бэ? Учир нь иргэд орон нутгийнхаа уран бүтээлчдийн тоглолт, үзүүлбэрүүдийг их
хүлээдэг?
Манай хамт олны оны
эхэнд ажынхаа төлөвлөгөөг сар, улирал, жилээр нь гарган баталдаг. ОХУ-руу явах
баг бүрэлдэхүүн энэ сарын сүүлээр ирчихнэ. Бид ОУ-ын эмэгтэйчүүдийн
эрхийг хамгаалах өдөр болон эр цэргийн баярын өдөрт зориулсан тоглолтуудыг бие
даан тавихаар төлөвлөсөн. Мөн 03 дугаар сарын 27 буюу ОУ-ын тееатрын өдрөөр шинэ
жүжгийг үзэгчдийн хүртээл болгоно. Манай жүжигчид болоод ОХУ-ын аялан тоглолтонд
оролцоогүй уран бүтээлчид бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд болон хамт олонд тань амжилт
хүсье?
-Баярлалаа. Урлагийн байгууллагын
үйл ажиллагааг үргэлж дэмжиж, бидэнтэй хамтарч байдаг та бүхнийг урлагийн
тэнгэр янжинлхам бурхан мөнхөд ивээх болтугай.