Сүхбаатар аймгийн 7 суманд тусламж хүргэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРХаваржилт хүнд байгаа Сүхбаатар аймгийн Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Түвшинширээ, Сүхбаатар зэрэг долоон сумдын 800 орчим малчин өрхөд тусламж үзүүлж байна.
Малчин өрхүүдийг хонин толгойд шилжүүлсэнээр 200-аас дээш толгой малтай өрхүүдэд 125 тонн малын тэжээл, 100-аас доош толгой малтай 400 орчим өрхөд 55 сая төгрөгийг хуваан олгох замаар бэлэн мөнгөний тусламж үзүүлнэ.
Мөн дээрх сумдын бүх багуудаар явж урьдчилан сэргийлэх үзлэг хийх 2 удаагийн тойролтын, вакцинжуулалт хийх нэг удаагийн тойролтын, жирэмсэн эхчүүдэд үзлэг хийх нэг удаагийн тойролтын шатахууны зардал болон зарим түргэн тусламжийн машиныг засварлах зардлыг хандивлаж байгаа юм.
Энэхүү тусламжийг Японы хүүхдийг ивээх сангаас үзүүлж байгаа бөгөөд Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын даргын албан хүсэлтийн дагуу хаваржилт хүндэрсэн аймгуудад туслах зорилгоор хөрөнгө босгон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр ажиллаж байгаа нь энэ юм.
Т. Одончимэг