СҮХБААТАР: Баруун-Урт дэд станцын өргөтгөлийн ажил бүрэн дуусав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-10-07 12:01:11

Баруун-Урт, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Баруун-Урт дэд станцын өргөтгөлийн ажил бүрэн дуусаж, ажиллагаанд залгахад бэлэн боллоо.


Сүхбаатар аймагт дулааны станц баригдаж буйтай холбоотойгоор цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах үүднээс ЭХЯ-ны захиалгаар улсын төсвийн 5,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэхүү өргөтгөлийг хийжээ.



Уг дэд станц нь өмнө нь 6,3 мВа чадалтай байсныг 16 мВа болгож хүчин чадлыг арван мВа-аар нэмэгдүүлжээ. Ингэснээр 11 сум болон аймгийн төвөөс гадна 1700 км ЦДАШ, 14 мянган хэрэглэгчийн эрчим хүчний найдвартай ажиллагаа нэмэгдэх юм байна. Өөрөөр хэлбэл, оргил ачааллын үед хэрэглэгчдийг эрчим хүчээр хязгаарладаг явдал үгүй болох юм.


Мөн дэд станцыг ийнхүү өргөтгөснөөр Сүхбаатар аймгийн өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг 2030 он хүртэл хүндрэлгүй даван туулах боломжтой болсныг Сүхбаатар цахилгаан түгээх сүлжээний ерөнхий инженер С.Сайнзаяа хэллээ.


Өргөтгөлийн барилга угсралтын ажил 2024, 2025 онд үргэлжилж, төлөвлөгөөт хугацаандаа ашиглалтад өгч байгаа юм. Техникийн комиссын шийдвэр гарсны дараа 72 цагийн хугацаанд тоноглолыг туршилтаар асааж, дараа нь хэрэглэгчидтэй холбох юм

関連ニュース