Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-03-13 16:51:57

Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнгөрсөн жилийн ажлын амжилт ололт, алдаа дутагдал, энэ жилийн ажлын төлөвлөгөө, хийж хэрэгжүүлэх ажлын талаар Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө. 

Тус зөвлөгөөнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд болон аймгийн удирдлагууд, сумдын Засаг дарга нар, Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтан, эмч, мэргэжилтнүүд оролцов.

Эрүүл мэндийн яамнаас эмч мэргэжилтнүүдийн харилцаа хандлага нь өвчтөн, үйлчлүүлэгчдийн сэтгэл санааг өргөх, эдгэрэлтэд хамгаас чухал үр нөлөөллийг үзүүлнэ гэж тооцож энэ онд “Инээмсэглэл - Эерэг хандлага” уриан дор ажиллахаар болсон тухай яамны дэд сайд Л.Бямбасүрэн орон нутгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцох үеэрээ онцлоод, эерэг хандлага давалгааг өөрийн биеэрээ хамт олноороо үлгэрлэж ажиллахыг Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн салбарынханд үүрэг болголоо.

Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарын хэмжээнд 96 нэгж байгууллагад 1200 гаруй ажиллагсад ажиллаж, 2018 онд эхийн эндэгдэлгүй, перинаталь эндэгдлийг 2.5 пунктээр, нялхсын эндэгдлийг 4 пунктээр, нярайн эрт үеийн нас баралтыг 3.2 пунктээр бууруулсан амжилтыг үзүүлжээ. Мөн тус салбарт 2017 онд 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол 2018 онд 5.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, иргэдэд хүрэх тусламж үйлчилгээний шуурхай байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхаарал хандуулж ажилласан байна.

Жирэмсэн эхийн нэрсийн хяналтыг нэвтрүүлсэнээрээ улсад сайн жишгийг тогтоосон, эхийн эндэгдэлгүй болсон зэргээр манай аймгийн эрүүл мэндийн салбарт ололт амжилт олон байгаа ч халдварт тэр дотроо БЗДХ, сүрьеэгийн өвчлөл улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй байсаар байна. Үүнийг бууруулахын тулд аймгийн удирдлагуудаас дэмжин эмч мэргэжилтнүүд хамтран удаа дараагийн олон ажил зохион байгуулж байгаа ч ард иргэдийн өөрсдийн оролцоо хандлага ихээхэн дутмаг байгаад тэд сэтгэл дундуур буйгаа ярьж байна.

Цаашдаа эрүүл мэндийн салбарын удирдлага баг бүрэлдэхүүн Бага насны хүүхдийн гэрийн эндэгдлийг бууруулах, өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлтийг багасгах, элэгний “С” вирустэй иргэдийг төгс эмчлэх, дархлаажуулалтад бүрэн хамруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, амьдралын зөв дадлыг төлөвшүүлэхэд голлон анхаарна гэв. Мөн бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэгийн өвчлөлийн тохиолдлыг бууруулах эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, иргэд үйлчлүүлэгчдийн дунд бухимдал үүсгээд байгаа харилцаа, ёс зүйн доголдлуудыг засаж арилгах зорилтуудыг дэвшүүлжээ.

Дашрамд, Энэ онд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн барилгыг өргөтгөн барих томоохон ажил өрнөж байгаа юм байна. 

関連ニュース