Цэрэг татлагын нэгдсэн зөвлөгөөн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарын дунд 2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын талаар нэгдсэн ойлголт мэдээлэл өглөө.
Сургалтын эхэнд 2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халалт, татлага явуулах тухай аймгийн Засаг даргын захирамжийг танилцуулсан бол аймгийн хэмжээнд цэргийн насны залуучуудын эрүүл мэнд, суурь өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, анхаарах асуудал, цэргийн насны залуучуудын боловсролыг дээшлүүлэх зэрэг сэдвээр холбогдох албаныхан мэдээлэл хийж, анхаарах асуудлын талаар зөвлөлдсөн байна.
Цэргийн насны залуусын дунд дотор, халдварт, мэдрэл, ЭХО, арьс харшил, чих, хамар хоолой, нүд, шүд, мэс заслын өвчлөл өндөр байгааг эмч мэргэжилтнүүд онцолж байсан. Мөн боловсролын байдлаар цэрэгт тэнцэхгүй байх явдлыг арилгах үүднээс Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагааг энэ чиглэлд эрчимжүүлэх, боловсрол эзэмшүүлэхэд санаачилгатай ажиллах шаардлагатайг талууд онцолж байлаа.