Амиа золиослогч Бакрауиг Туркээс Нидерланд руу албадан гаргаж байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-24 10:55:32

БРЮССЕЛЬ. /TASS/. Брюссельд амиа золиосолж халдлага үйлдсэн Брахим /Ибрагим/ Бакрауиг 2015 онд Туркээс Бельги улс руу бус Нидерланд руу албадан гаргаж байжээ. Энэ тухай Бельгийн Хууль  зүйн сайд Коэн Генс телевизийн “VRT” сувгаар мэдэгдсэн байна.

“Энд Турк түүнийг Сири улстай залгаа хил орчмоос албадан гаргасан тухай яригдаж байна. Тухайн үед энэ хүнийг терроризмд сэжиглэж байсан нь бидэнд тодорхойгүй байсан, энэ хүн батлан даалтаар суллагдсан энгийн гэмт хэрэгтэн байсан” гэж тэрбээр хэлжээ.

Бельгийн Хууль зүйн сайд ийм мэдэгдэл хийсэн нь Брюссельд үйлдсэн террористуудын нэгийг Туркийн эрх баригчид 2015 оны долдугаар сард албадан гаргасан гэж тус улсын Ерөнхийлөгч Тайип Эрдоганы урьд нь хийсэн мэдэгдлийг нотолсон байна.

Эрдоганы мэдэгдэл

“Брюссельд халдлага үйлдсэн террористуудын нэг нь бидний Газиантепт /Туркийн Сиритэй залгаа хил орчимд оршдог муж/ баривчилж, 2015 оны долдугаар сарын 14-нд албадан гаргах үйл явцыг нь эхлүүлсэн хүн байсан. Түүнийг албадан гаргасан тухай бид Бельгийн Элчин сайдын яаманд ноот бичгээр мэдээлсэн. Харин бельгичүүд энэ хүнийг сулласан. Хэдийгээр бид энэ хүн бол гадаадын хөлсний босогч гэдгийг анхааруулсан боловч Бельги үүнийг тогтоогоогүй” гэж Эрдоган мэдээлжээ. Ингэж мэдээлснийхээ дараа тэрбээр “баривчлагдсан этгээдийг өөрийнх нь хүсэлтээр Голланд руу албадан гаргасан болохыг” онцлон дурдсан байна.

Гэхдээ Эрдоган энэ хүний нэрийг дурдаагүй бөгөөд түүнийг Нидерланд руу албадан гаргахын өмнө Бельгийн эрх баригчдад яг шилжүүлэн өгсөн эсэхийг тодорхой хэлээгүй аж.

Эрдагоны хэлснээр, “бельгичүүд энэ хүнийг сулласан”, өөрөөр хэлбэл, бельгичүүд Бакрауиг хугацаанаас өмнө батлан даалтаар сулласан байна. Тэрбээр Бельгид 2010 онд зэвсэгт дээрэм хийсэн болон баривчлах үед эсэргүүцэл үзүүлсэн хэргээр шийтгүүлжээ. Хэвлэлүүдэд мэдээлснээр, Бакрауи “Калашников автомат буугаар цагдааг буудаж”, 9 жил хорих ял авсан байна.

Энэ нь түүнд үлгэр жишээ бие авч явсныхаа төлөө 2014 онд хугацаанаас өмнө суллагдахад нь саад болоогүй бөгөөд тэрбээр суллагдсаныхаа дараа лалын шашинтнуудын талд байлдахаар Сири улсыг зорьжээ.

Бельгийн хөлсний цэргүүдийн Сирид хүрдэг гол зам нь Турктэй залгаа хилээр дамждаг байна. Бельгийн Дотоод хэргийн яамны мэдээллээр, Сирид байлдааны ажиллагаанд Бельгийн хэдэн зуун иргэн болон тус улсад байнга оршин суудаг хүмүүс оролцсон эсвэл оролцсоор байгаа аж.

Д.Жаргал

 

 

関連ニュース