Он гарсаар 7000 орчим тээврийн хэрэгслийн татвар төвлөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-30 10:28:08
Баянхонгор /МОНЦАМЭ/. Он гарсаар Баянхонгор аймагт 7000 орчим тээврийн хэрэгсэл татвараа төлөөд байгаа нь нийт автомашины 60 гаруй хувь юм байна. Аймгийн хэмжээнд 18 мянга орчим тээврийн хэрэгсэл байдгаас идэвхтэй буюу хөдөлгөөнд оролцдог /татвар, оношилгоонд тогтмол ордог/ нь 12 мянга байдаг аж.
Автомашины улсын дугаарын сүүлийн орноор татвараа хэдэн сард төлөх зохицуулалттай ч зарим жолооч нарын хувьд иргэний үүргээ биелүүлэх, хуулийн хэрэгжилтэд хойрго хандаж чирэгдэл учруулж байгааг албаныхан хэлж байна. Тиймээс аймгийн Татварын хэлтэс, Цагдаагийн газраас замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдэд хамтарсан хяналт хийж эхэлжээ. Хяналтаар хуулийн этгээд, хувь хүний эзэмшилд байгаа автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, авто зам ашигласны төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгслийг албан татварт тэр дор нь хамруулах байдлаар ажиллаж байгаа аж.
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь аймгийн Татварын хэлтэст биечлэн төлөх эсвэл Татварын ерөнхий газрын цахим сайт e-tax.mta.mn , https://itax.mta.mn/home буюу тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcart.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтойг албаныхан сануулав. Хэрэв дээрх байдлаар татвараа төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргах, Татварын хэлтэст төлбөрийн баримтаа шалгуулж, тамга даруулан баталгаажуулах болох юм байна.
Зургадугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх хяналтаар татвараа төлсөн тохиолдолд ямар нэгэн торгууль ногдохгүй ч мөн хугацаанаас хойш Зөрчлийн хуулиар арга хэмжээ авах аж.
関連ニュース