БНСУ-ын эрх баригчидтай харилцаагаа сайжруулахыг дэмжжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /Kyodo/. Хоёр улсын хооронд
маргаан үүсээд байгаа хэдий ч Засгийн газар БНСУ-ын эрх баригчидтай хамтын
ажиллагаагаа бэхжүүлэхийг дэмжиж байна хэмээн Японы Ерөнхий сайд Абэ Шинзо
даваа гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
“БНСУ-тай өрнүүлэх
бидний харилцаа хүнд үеийг туулж байгаа. Гэсэн хэдий ч Зүүн Азид аюулгүй
байдлыг хангах үүднээс БНСУ-тай эв нэгдлээ бэхжүүлэх нь маш чухал гэж бид үзэж
байгаа” хэмээн тэрбээр ярьжээ.
Маргаантай асуудлаар Ерөнхийлөгч Мүн Жэ Инд байр
сууриа тодорхой илэрхийлэх бодолтой байгаагаа Абэ Шинзо онцлон тэмдэглэжээ.
Дэлхийн
хоёрдугаар дайны үед албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг Солонгосын
дөрвөн ажилчинд олгохыг БНСУ-ын Дээд шүүхээс Японы “Nippon Steel & Sumitomo
Metal” компанид 2018 оны намар үүрэг болгосны дараа Токио болон Сөүлийн
харилцаа мууджээ.
Японы Засгийн
газар дээрх шийдвэрийг няцаагаад, энэ асуудлыг 1965 онд Токио болон Сөүлийн
харилцаа хэвийн байх үед эцэслэн шийдсэн гэж мэдэгджээ. Харин Өмнөд
Солонгос нөхөн төлбөр олгох хэрэгтэй холбоотойгоор “Nippon Steel & Sumitomo
Metal” компанийн хөрөнгийг хураах журмыг санаачилсан байна.
Хариуд нь 2019 оны зун
Японы эрх баригчид БНСУ-д хэд хэдэн экспортын хязгаарлалтын арга хэмжээ авсан
нь тус улсын электротехникийн аж үйлдвэрийн салбарт хохирол учруулсан юм.
Эдгээр хориг арга хэмжээг цуцлахаа БНСУ-ын эрх баригчид тууштай шаардсаар
байгаа юм.