Зорчигч тээврийн компаниуд аймгийн удирдлагуудад шаардлага хүргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компани болон “Ая буян трэйвэл” компанийн жолооч нар энэ сарын 8-нд аймгийн удирдлагуудад хаягласан шаардлага хүргүүллээ. Энэхүү шаардлагын үндсэн асуудал нь олон жилийн туршлагатай, мэргэжлийн 2 компани байсаар байхад Увс аймагт зорчигч тээвэрлэх 3 дахь компани цагийн давтамж нэмж үйл ажиллагаа явуулах эрхээ авч буйтай холбоотой аж.
Тус
компани орж ирэхэд орон нутгийн удирдлагууд судалгаа үндэслэлгүйгээр Авто
тээврийн үндэсний төвд дэмжсэн бичгийг удаа дараа хүргүүлсэн явдал нь хэт
нэг талыг барьсан явдал болсон хэмээн жолооч нар эсэргүүцэж байна.
“Манай хоёр компанийн ард олон хүний
амьдрал явдаг, бас олон жилийн хүч хөдөлмөр,
туршлага бий. Улаангомоос Улаанбаатар чиглэлд хоёр талаасаа өдөр бүр
11, 15 цагаас зорчигч тээвэрлэсэн автобус хөдөлж байгаа. Хэрвээ дахиад цагийн
давтамжийг
нэмэгдүүлж, үйл ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай бол манай хоёр компанийн хүчин чадал хангалттай
хүрэлцэнэ. Үйл ажиллагаа нь тогтмолжсон орон нутгийнхаа хоёр компанийг дэмжиж ажиллахын оронд ямар ч баталгаагүй гурав дахь компанийг яагаад
оруулж ирэх гээд дэмжээд байгаад бид тайлбар авмаар байна” хэмээн “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн менежер Х.Уранчимэг
хэллээ.
Тэдний шаардлагыг аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу
хүлээн авч, мэргэжлийн байгууллагуудтай хамтран судалж үзээд хариу
өгнө гэдгээ хэлсэн юм.
Тус
хоёр
компанийн жолооч
нарын хувьд орон нутгийн удирдлагууд хүргэсэн шаардлагыг зөв зүйтэй шийдвэрлэж,
үйл ажиллагааг нь дэмжиж
ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлж байв.