Гамшиг ослоос 353 иргэний амь насыг авран хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-10 16:48:02

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой байдлын газраас “Сахилгын зөвлөгөөн-2020” үйл ажиллагаа зохион байгууллаа.

Зөвлөгөөний үйл ажиллагаа нь 2019 онд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, шинэ оны зорилтыг тодорхойлох, гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын чанар, хүртээмжийг өргөжүүлэх, гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх, алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэж байв.

Зөвлөгөөнд Ховд аймгийн Онцгой байдлын газрын харьяа анги, салбарын бие бүрэлдэхүүний төлөөлөл 100 гаруй алба хаагч оролцсон юм.

Энэ үеэр Онцгой байдлын албаны алба хаагчид 2020 онд Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Төрийн албаны тухай хууль тогтоомж, түүнд нийцэх дүрэм, журам, стандартыг мөрдөж, сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг чанд баримталж ажиллах шаардлагатай гэж албаныхан онцлон хэллээ.

Энэ удаагийн зөвлөгөөний хүрээнд цэргийн нийтлэг дүрэм, дүрэмт хувцас өмсөх тухай болон сахилга, ёс зүйн хэм хэмжээ, сэтгэл зүйн боловсрол, хувь хүний хөгжил, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийсэн юм.

Мөн Ховд аймгийн Онцгой байдлын газрын 2019 онд хэрэгжүүлсэн онцлох ажлыг танилцуулав. Тодруулбал,

Тус байгууллагын хамт олон 2019 онд нийт 544 гамшиг осол, гал түймрийн дуудлага бүртгэж, улмаар 353 иргэний амь нас, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 3 тэрбум, 513.8 сая төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалсан аж.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 125 буюу хоёр дахин, эд хөрөнгө 1.7 тэрбум төгрөг буюу 20 хувь тус тус өссөн үзүүлэлт юм.

Мөн Ховд аймгийн хэмжээнд 2019 онд усны осол 2, хүчтэй шороон шуурга 1, голын ус, мөс дэлгэсэн дуудлага 7, тэсэрч дэлбэрэх бодис 1, эрэн хайх, аврах ажиллагаа 7, нийт 18 удаа аюулт үзэгдэл тохиолдож Онцгой байдлын газраас давхардсан тоогоор 346, орон нутгийн иргэд 217, нийт 563 хүн дайчлагдан ажиллажээ.

Түүнчлэн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Чандмань, Дуут, Цэцэг, Эрдэнэбүрэн, Алтай суманд зохион байгуулснаар 7600 иргэн 24 техник хэрэгсэлтэй оролцсон аж.

Мөн Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги, Усан спортын төв, Алба хаагчдын 24 айлын орон сууц зэрэг хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтыг ашиглалтад хүлээн авчээ. 

関連ニュース