Сүхбаатар аймгийн БТСГ шилдгээр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-21 14:40:56

Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газар улсын хэмжээнд өндөр үнэлгээ авч шилдэг БТСГ-аар шалгарчээ.

Тэмцээд уралдаанд явсан баг, тамирчид байнга медаль авчирч байгаагаас гадна байгууллагын орчин нөхцөл болоод тохижолтын ажил, багш дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэхтэй холбогдсон сургалтыг удаа дараа зохиож байгаа зэрэг ажлын үзүүлэлтээр бусдаас илүү сайн байжээ.

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд спортын яам, БТС-ын хөгжлийн төв гэсэн байгууллагууд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн БТСГ-ыг ажлын үзүүлэлтээр нь шалгаруулахад Сүхбаатар аймгийн БТСГ маш сайн үнэлгээ авч, ийн шилдгээр шалгарчээ. 

Аймгийн ЗДТГ-аас алба агентлагуудыг хяналт үнэлгээний үзүүлэлтээр нь шалгаруулдаг бөгөөд энэ жил Сүхбаатар аймгийн БТСГ мөн шилдэг агентлагийн нэгээр шалгарсан юм. Аймагтаа анх удаа бодибилдинг, хүндийн өргөлтийн УАШТ-үүдийг зохион байгуулсан, аймгийн аварга шалгаруулах тэмцээн уралдаануудыг долоо хоног бүр амжилттай зохион байгуулж, улмаар байгууллагын дотоод тохижилтын ажлууд сайн хийгдсэн зэрэг нь нөлөөлсөн гэдгийг аймгийн БТСГ-ын дарга О. Батнасан хэллээ.

Т. Одончимэг

関連ニュース