“Tesla” компанийн хөрөнгийн үнэлгээ анх удаа 100 тэрбум ам.долларт хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-23 11:29:15

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Америкийн “Tesla” компанийн хөрөнгийн үнэлгээ анх удаа 100 тэрбум ам.долларт хүрчээ.  


Нью-Йоркийн хөрөнгийн бирж дэх арилжааны мэдээлэлд дурдсанаар, мягмар гарагт орон нутгийн цагаар 12:00 цагт тус компанийн хувьцааны ханш 8.6 хувиар өсөж, 594.5 ам.долларт хүрчээ. Энэ нь Илон Маскийн компанийн хөрөнгийн үнэлгээг 107.2 тэрбум ам.долларт хүргэж байна  гэж тооцоолж байна. Энэ үзүүлэлт нь “Volkswagen” компанийн зах зээлийн үнэлгээнээс илүү байгаа бол “Toyota” компанийхаас бага аж.


“Tesla” компани 2003 онд байгуулагджээ. Эхэн үедээ “Tesla Motors” нэртэй байсан бөгөөд 2017 оноос эхлээд “Tesla” гэсэн нэртэй болсон байна. АНУ-ын Калифорни муж улсын Пало-Альто хотод төвтэй тус компани эхэндээ цахилгаан машины үйлдвэрлэлээр дагнаж байсан бол аажимдаа нарны зай болон бусад төрлийн эрчим хүч хуримтлуулах систем үйлдвэрлэх болжээ.

関連ニュース