Д.Трамп АНУ-Мексик-Канадын худалдааны хэлэлцээрт гарын үсэг зуржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /VOA/.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-Мексик-Канадын
худалдааны хэлэлцээрт лхагва гарагт гарын үсэг зураад, гурван орны хувьд баярт үйл
явдал тохиосон өдөр боллоо гэж мэдэгдсэн байна.
Хоёр мянга гаруй
хуудас бүхий АНУ-Мексик-Канадын хэлэлцээр /USMCA/ нь 26 жилийн өмнө байгуулсан Хойд Америкийн чөлөөт
худалдааны хэлэлцээрийн /NAFTA/ шинэчилсэн хувилбар бөгөөд оюуны өмчийн хамгаалал,
интернэт, валют, хөрөнгө оруулалт зэрэг салбарыг хамарчээ. Мөн шинэ баримт бичигт
автомашины үйлдвэрлэл, цахим худалдаа, хөдөлмөрийн заалтуудын талаарх дүрэм
журмуудыг чангатгажээ.
"Энэхүү хэлэлцээр нь бидний байгуулсан хамгийн шударга, хамгийн тэнцвэртэй, орчин үеийн худалдааны хэлэлцээр боллоо. АНУ-ын фермийн аж ахуй эрхлэгчид, эрчим хүч болон үйлдвэрийн ажилтнуудын хувьд “асар том ялалт” боллоо" гэж Д.Трамп мэдэгдсэн байна.
Аргентинд 2018
оны сүүлээр зохион байгуулсан “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-Мексик-Канадын
удирдагчдын гарын үсэг зурсан худалдааны шинэчилсэн хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн
тулд гурван орны хууль тогтоогчид соёрхон батлах шаардлага үүссэн юм. Мексикийн Конгресс
уг баримт бичгийг хэдийн баталсан бол Канадын парламент хараахан батлаагүй
байгаа ажээ.