Их Британи ЕХ-ноос өнөөдөр гарна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН. /NHK/. Их Британи Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнээс баасан гарагт гарч, тус улсын 47 жилийн гишүүнчлэл дуусгавар
болно. Үүний дараа 11 сарын шилжилтийн үе эхлэх бөгөөд энэ хугацаанд Их
Британи, ЕХ шинэ харилцаагаа хэрхэн хөгжүүлэх талаар тохиролцоно.
ЕХ-ны
бүрэлдэхүүнээс гарч буй анхны орон болох Их Британи нь орон нутгийн цагаар
оройны 23 цагт тус байгууллагаас албан ёсоор гарах юм. Ингэснээр ЕХ 27 гишүүн
оронтой болно.
Их Британийн
Ерөнхий сайд Борис Жонсон энэ өдрийг улсынхаа түүхэнд бичигдэх чухал цаг үе
хэмээн сайшаажээ. Тэрбээр өнөө орой ард иргэддээ хандан үг хэлнэ. Их Британийн
Засгийн газар ЕХ-ноос гарах үйл явцад /Brexit/ зориулан 50 пенсийн шинэ зоос гаргасан бөгөөд үүн
дээр “Бүх үндэстний эв нэгдэл, энх тайван, хөгжил цэцэглэлт” хэмээн сийлжээ.
“Brexit”-ийн дараа шилжилтийн үе нэн даруй эхлэх
хэдий ч бодит байдал дээр нэг их өөрчлөлт ажиглагдахгүй бөгөөд Их Британи ЕХ-ны
нэгдсэн зах зээлд урьдын адил оролцохын зэрэгцээ дүрэм журмыг нь даган мөрдөж,
татвар хураалгах ажээ. 11 сарын хугацаанд Их Британи, ЕХ худалдааны шинэ гэрээний
талаар хэлэлцээ хийнэ. Энэ төрлийн хэлэлцээ нь ихэвчлэн олон жил үргэлжилдэг
байна.