Б.Жонсон: Их Британи ЕХ-ны дүрэм журмуудыг мөрдөх “шаардлагагүй”

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-02-04 10:40:24

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Европын Холбоотой /ЕХ/ байгуулах худалдааны хэлэлцээрийн ерөнхий чиглэлийг танилцуулаад, бид ЕХ-ны худалдааны дүрэм журмуудыг мөрдөх “шаардлага байхгүй” гэж мэдэгджээ.


Б.Жонсон Канад маягийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг эрмэлзэж буйгаа илэрхийлээд, хэрэв ийм хэлэлцээр байгуулахгүй бол Их Британи “Brexit”-ийн гэрээг баримтлах болно гэж хэлсэн байна.


Харин ЕХ-ны төлөөлөгч Мишель Барнье энэ талаар мэдэгдэхдээ, Их Британийн “амбицтай” худалдааны хэлэлцээрийн саналд шударга, тэнцвэртэй байдал шаардагдана гэжээ. “Б.Жонсон Их Британийн худалдаа, хөрөнгө оруулалтыг эрсдэлд оруулж байна” гэж Лейборист намынхан мөн мэдэгдсэн байна.


ЕХ-Канадын хэлэлцээрийн дагуу хоёр талын худалдааны ихэнх бараа бүтээгдэхүүний импортын татварыг тэглэсэн байдаг хэдий ч гааль, нэмэгдсэн өртгийн албан татварууд хэвээр байгаа ажээ.  


Их Британи ЕХ-ны бүрэлдэхүүнээс өнгөрсөн баасан гарагт гарч, тус улсын 47 жилийн гишүүнчлэл дуусгавар болжээ. Уг үйл явцын дараа 11 сарын шилжилтийн үе эхэлсэн бөгөөд энэ хугацаанд Их Британи болон ЕХ шинэ харилцаагаа хэрхэн хөгжүүлэх талаар тохиролцох юм. 

関連ニュース