"ОПЕК+" олборлолтоо бууруулах хэлэлцээрийг сунгаж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-02-10 15:13:09

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Коронавирусний улмаас эрэлт буурч байгаатай холбоотойгоор "ОПЕК+" буюу Нефть экспортлогч улсуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус 11 орон нефть олборлолтынхоо хэмжээг бууруулах хэлэлцээрийг энэ оны эцэс хүртэл сунгаж магадгүй байна. Энэ тухай Алжирын Эрчим хүчний сайд Мухаммед Аркаб "ОПЕК+" бүлгийн техникийн хорооны хурлын дараа мэдэгджээ.


“Коронавирусний халдварын тархалт эдийн засгийн идэвхжилд ялангуяа Хятадын тээвэр, аялал жуулчлал, аж үйлдвэрийн салбарт сөргөөр нөлөөлсөн” гэж “Bloomberg” агентлаг Алжирын сайдын мэдэгдлээс иш татан бичсэн байна. Түүний мэдэгдсэнээр, "ОПЕК+" бүлгийн техникийн хороо олборлолтын хэмжээг бууруулах хэлэлцээрийг 2020 оны эцэс хүртэл сунгахыг зөвлөжээ.


Коронавирустэй холбоотой нөхцөл байдал дэлхийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдалд их хэмжээгээр нөлөөлөхгүй бөгөөд дэлхийн нефтийн хэрэглээ 2020 онд буурч, өдөрт 150-200 мянган торх бол магадгүй гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак баасан гарагт мэдэгдсэн байна. Харин АНУ-ын Эрчим хүчний яам мэдэгдэхдээ, одоогоор коронвирус эрчим хүчний зах зээлд мэдэгдэхүйц нөлөө үзүүлээгүй байна гэжээ. Үүний зэрэгцээ коронавирусний улмаас "ОПЕК+" бүлгийг яаралтай хуралдуулах шаардлага байхгүй гэж Азербайжаны Эрчим хүчний яам мэдэгдсэн байна.


Нефтийн олборлолтын хэмжээг бууруулах хэлэцээрийг "ОПЕК+" бүлэг 2017 оны эхээр байгуулжээ. Уг хэлэлцээрийг нэг бус удаа сунгаж, нөхцөлүүдийг нь хэд хэдэн удаа өөрчилсөн байна. Одоогийн байдлаар 2020 оны эхний улиралд олборлолтыг 2018 оны 10 дугаар сарын хэмжээнээс хоногт 1.7 сая торхоор бууруулахаар тусгасан байгаа аж. "ОПЕК+" бүлгийн уулзалт ирэх гуравдугаар сард болох төлөвтэй байна.


関連ニュース