Н.Цэвээн: Хэдэн малын буянд хөдөөний бид чинь дутах юмгүй сайхан л амьдарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-04-20 11:56:26

Увс /МОНЦАМЭ/. Малчны хотонд төлийн дуу цангинасан энэ сайхан цагаар Тэс сумын Нуур-Эхэн багийн малчин, аймгийн Алдарт уяач, аймгийн Аварга малчин Нанзаны Цэвээнтэй цөөн хором хөөрөлдлөө.


-Та сайхан хаваржиж байна уу, мал сүрэг тань тарган тавтай юу?

-Энэ жил сайхан хавар болж байна. Манайх 600 гаруй толгой малтай бөгөөд үүнээс энэ жил 250-аад мал төллөж байгаа. Булгийн гэсэн хэмээх газарт хаваржиж, малаа төллүүлж байна.

-Танайх ам бүл хэдүүлээ вэ, мал маллахад хүн хүч хүрэлцэж байна уу?

-Мал маллахад хүн хүч хүрэлцэхгүй байна. Гэхдээ энэ жилийн хувьд хөл хориотой байгаа болохоор оюутан хүүхэд маань ирж хөгшин бид хоёрт их түшиг болж байна. Миний ханийг Д.Чогоо гэдэг. Бид хоёр 1984 онд гэр бүл болсон бөгөөд 5 хүүхэдтэй. 1981 онд цэргийн алба хааж ирээд сумандаа хутгийн моторчноор ажиллаж байгаад өмч хувьчлалаар хэдэн мал аваад хөдөө мал дээр гарсан. Би малчин айлын хүүхэд тул мал маллахад ямар ч бэрхшээл байгаагүй. Тухайн үед манайх 4 ам бүлтэй, нэг хүний 11 гээд 40 гаруй толгой мал авч байсан. Бас дээр нь аав ээжийн буян хишиг бий. Хүүхдүүдээс минь 3 нь тусдаа гарч, бага нь оюутан болсон. Нэг охин малчин болж, бусад нь хот газар бараадсан даа.

-Тэс сум өвөлдөө -50 хэм хүрч хүйтрээд зундаа +40 хэм гарч халдаг эрс тэс уур амьсгалтай нутаг шүү дээ. Ийм нөхцөлд мал маллахад ямар хүндрэл бэрхшээл малчдад тулгамдаж байна?

-Манай нутагт мал маллахад малчин хүнээс маш их хүч хөдөлмөр шаарддаг. Цас зуд, бороо, салхи шуурга ихтэй. Байгалийн давагдашгүй энэ хүчин зүйлүүдийг манай нутгийн малчид маань үл ажран мал сүргээ адгуулсаар өдийг хүрсэн дээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд тийм их хүйтэрч, халах нь бас арай гайгүй болоод байгаа.  

Хөдөө анх гарахдаа аймгийн аварга малчин, нагац ах Пэлжирийнхтэйгээ айл бууж билээ. Хувьцаа тараасан тэр жил манай нутагт маш их цас орж зуд болсон. Дараа жил нь бас зуд болж байлаа. Анхны хоёр жил мал маллахад үнэхээр хэцүү байсан боловч би шантраагүй. Түүнээс хойш зуд турханд өртөж байсан ч ажрахгүй даваад гардаг болсон доо. Хэдэн малын буянд хөдөөний бид чинь дутах юмгүй сайхан л амьдарч байна даа.

-Та аймгийн Алдарт уяач цолтой юм байна. Уясан хүлгүүд тань ямар амжилтууд гаргаж байв?

-Би 2012 онд аймгийн Алдарт уяач цол авсан. Анхны томоохон амжилт гэвэл Ардын хувьсгалын 78 жилийн ойгоор Увс аймгийн баяр наадамд миний хээр хязаалан аман хүзүүдсэн юм. Түүний дараагаар Тэс сумын 80 жилийн ойгоор тэр хязаалан маань түрүүлсэн. Ер нь бол хээр морь маань аймаг, сумын чанартай томоохон наадмаас 6 түрүү, нэг аман хүзүү авч байсан. Манайх хээр голдуу адуутай.

-Танд баярлалаа.

 

関連ニュース