АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ буюу Төв банк бодлогын хүүгээ 0-0.25 хувьд хэвээр үлдээжээ.
“Хямрал үргэлжилсээр байгаа нь ойрын ирээдүйд эдийн засгийн идэвхжил, хөдөлмөрийн зах зээл, инфляцид ихээхэн нөлөөлөх бөгөөд дунд хугацаанд эдийн засагт томоохон эрсдлийг бий болгоно. Үүнтэй холбоотойгоор ХНС бодлогын хүүгээ 0-0.25 хувьд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ” гэж нэгдсэн улсын санхүүгийн зохицуулагчийн цахим хуудсанд гарсан мэдээлэлд тэмдэглэсэн байна.
Өнгөрөгч гуравдугаар сард ХНС коронавирусний халдварын тархалт эдийн засгийн хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй байгаатай холбоотойгоор бодлогын хүүгээ хоёр ч удаа бууруулсан юм. Тус банкны Нээлттэй зах зээлийн үйл ажиллагааны хорооны баримт бичигт тэмдэглэснээр, "эдийн засаг тахлын үр дагаврыг даван туулсан гэдэг итгэл үнэмшил бий болох" хүртэл энэ түвшнийг хэвээр хадгална.
Түүнчлэн мөнгөний өнөөгийн бодлого эдийн засагт эергээр нөлөөлөх боломжийг бүрдүүлэх, мөн зах зээлийн жигд ажиллагааг хангах зорилгоор моргэйжийн зээлээр баталгаажуулсан үнэт цаас болон төрийн сангийн бондыг шаардлагатай хэмжээгээр үргэлжлүүлэн худалдаж авна гэдгийг тэмдэглэжээ.
Бодлогын хүүг дээрх түвшинд хэвээр үлдээх шийдвэрийг хорооны 10 гишүүн санал нэгтэй дэмжсэн байна. АНУ-ын ХНС-гийн дараагийн хурал зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд болох бөгөөд хурлын дараа мөн тус улсын макро эдийн засгийн урьдчилсан таамгийг танилцуулна.