Москвагийн тэнгэрийг цэлмэг байлгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-09 11:34:56

МОСКВА. /TASS/ Ялалтын 71 жилийн ойн баярт зориулсан цэргийн сүрт жагсаал болон бусад арга хэмжээний үеэр Москвагийн тэнгэрийг цэлмэг байлгахын тулд  АН-12, АН-26 загварын 9 нисэх онгоц жижүүрлэлт хийж байна.

Өнөөдөр Москвад бороо орохгүй гэж цаг уурын станцууд мэдээлж байгаа боловч эдгээр онгоцууд шөнө дунд хүртэл ажиллах бөгөөд шаардлагатай тохиолдолд иодот мөнгө зэрэг экологийн хувьд цэвэр урвалжуудыг ашиглан борооны өтгөн үүлийг нийслэлээс хэдэн зуун км-ийн алсад хөөн сарниулах аж.  Үүл сарниулах ийм ажиллагааг Ялалтын баяр, Оросын Үндэсний баяр /День России/ болон Москва хотын өдрийг тэмдэглэх үеэр явуулдаг байна.

Өнөөдөр 5 дугаар сарын 9-ний өдөр Москва хотын 68 томоохон талбайд 600 гаруй баярын арга арга хэмжээ болох гэж байна. Эдгээрээс хамгийн гол ёслолууд бол Улаан талбайд болох Ялалтын парад, “Үхэшгүй мөнхийн хороод”-ын жагсаал, Поклонная ууланд болох дайны үеийг дүрсэлсэн сэдэвчилсэн үзүүлбэрүүд болон ёслолын буудлага юм.    

Москва хотод цаг уурын ажиглалтыг 1879 оноос эхлэн хийж ирсэн байна. Архивын баримтуудыг сөхөн үзвэл, 1879, 1894, 1910 болон 1978 оны 5 дугаар сарын 9-ний өдрүүдэд хамгийн их буюу 10 мм-ээс дээш хэмжээний хур тунадас орж байжээ.

Х.Сарнай

関連ニュース