Бух ноолдооны шалбуур өмд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Арван баядын Баатар бэйсийн хошууны буюу одоогийн
Увс аймгийн Хяргас сумын харъяат Очирын Түгжээ гэдэг бөхийн хэрэглэж байсан бух
ноолдооны шалбуур өмд аймгийн Музейд хадгалагдаж байна. О.Түгжээ нь аймгийн
заан цолтой хүн байжээ.
Бух ноолдоон гэж барилдааны өвөрмөц төрөл дээр үед байсан гэдэг. Бөхчүүд бахлуур, дунд, адаг гэсэн гурван хэсэгт арав, арваар орж зиндаагаар барилдах ба өрсөлдөгчөө цэвэр далаар нь дарж ес тоолуулж байж ялалт авдаг байжээ. Бух ноолдооны бөхчүүд илгэн шалбуур өмд өмсөж барилддаг байсан бөгөөд уг шалбуурыг бог малын арьс элдэж хийдэг байна.
Аймгийн Музейд хадгалагдаж буй уг шалбуур өмдний зах, хөвөөг эргүүлэн нугалж үхрийн шөрмөсөөр шаглаж оёод урд, ард, хажуу хэсэгт нь булигаараар хамар хээ үхрийн шөрмөсөөр шаглаж тавьсан байна. Урд хэсэгт хамар хээг шар даавуугаар эмжиж мөн илгээр оёсон аж. Суран уяатай. Холбогдох он цаг нь 1906-1936 он аж.
Энэхүү шалбуур өмдийг 1985 онд
музейн ажилтан Таяын Бямбадорж олж цуглуулан сан хөмрөгт оруулсан байна.