Тува улсын Тэргүүн талархлын бичиг илгээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-06-19 16:24:24

Увс /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын ард иргэдэд шинэ коронавирусний тархалттай тэмцэхэд зориулж Увс аймгаас 35,8 сая төгрөгийн өртөг бүхий хүмүүнлэгийн тусламжийг энэ сарын эхээр үзүүлсэн юм.

Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оолоос Увс аймгийн Засаг дарга болон аймгийн нийт ард иргэдэд хандсан чинь сэтгэлийн талархлын бичиг албан ёсоор өнөөдөр ирсэн байна. Уг талархлын бичигт дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлын үед ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын ард иргэдэд тусламжийн гараа сунгасан Увс аймгийн ард иргэдэд баярлаж талархсанаа илэрхийлээд цаашдаа хамтын хүчээр аюулт өвчнийг ялан дийлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр дурджээ.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Увс аймаг дахь салбар зөвлөлөөс “Мөнхийн хөршдөө тусалъя” аяныг өрнүүлсэн бөгөөд сар хүрэхгүй хугацаанд зохион байгуулсан энэхүү ажлын үр дүнд 35,8 сая төгрөгийн хандив цугласан юм.

Ташрамд дурдахад, 2021 онд Монгол Улс ба Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиох бөгөөд Увс аймаг ба ОХУ-ын харилцаатай бүс нутгуудын хооронд хэрэгжүүлэх ажлуудын төлөвлөгөөг Тувагийн тал гаргаад байгаа аж. Тэрчлэн ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсад зорчиж явахдаа жижиг зөрчлөөр зорчих эрх нь хасагдсан хүмүүсийн асуудлыг ирэх 7 дугаар сард шийдэхээр болсон байна.

 

関連ニュース