Хүүхэд хамгааллын баг тогтмол эргүүл хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Хүүхэд хамгааллын баг” Жаргалант сумын гэр хорооллын бүсэд тогтмол хяналт, эргүүл хийж байна.
Тухайлбал, энэ сарын 16-нд Наран,
Рашаант, Цамбагарав, Магсаржав баг, Малчны хороолол зэрэг газраар явж, эргүүл
хийжээ. Эргүүлийн явцад эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа, эцэг эх харгалзан
дэмжигч нь Улаанбаатар хотод хөл хорионд орсон зарим өрхөд хүнсний багц
олголоо.
Мөн ил задгай гудамж
талбайд явж байгаа хүүхэд, эцэг эхчүүдэд анхааруулга зөвлөмж өгч, нэг удаагийн
амны хаалт, витамин тараажээ.
Сүүлийн үед иргэдийн
хөдөлгөөн харьцангуй багассан. Гэвч хүүхэд, өсвөр насныхан амны хаалтгүй, гудамж
талбайгаар хэсэг бүлгээр нийлж явах байдал ажиглагдсан. Иймээс эцэг
эхчүүд онц шаардлагагүй тохиолдолд хүүхдүүдээ гадуур гаргахгүй байх, гарыг нь
тогтмол угаах, амны хаалт зүүлгэж хэвшихийг “Хүүхэд хамгааллын баг”-ийнхан уриалж
байна.
Ховд аймгийн Жаргалант
сум нь 12 багтай. Тиймээс хүүхэд хамгааллын багийнхан Жаргалант сумын бусад багийн
нутаг дэвсгэрт эргүүл, хяналтын ажлыг тогтмол зохион байгуулж, явуулын
үйлчилгээ үзүүлнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Энэ ажил нь коронавирусний
халдвараас урьдчилан сэргийлэх, хөл хорионы чанга дэглэмийг хатуу дагаж мөрдөх,
эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа гэр бүл, хүүхдэд тусламж дэмжлэг үзүүлэх,
зайлшгүй шаардлагатай өрхөд хүнсний тусламж хүргэхэд чиглэх юм.


