Нийгмийн даатгалын шимтгэл нэмснийг эсэргүүцэж мэдэгдэл хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын
шимтгэлийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 2 хувиар нэмж 26 хувьд
хүргэснийг эсэргүүцэж Баян-Өлгий аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил
олгогч эздийн холбооноос өнөөдөр мэдэгдэл хийлээ.
1Нийгмийн даатгалын шимтгэлийг 26 хувьд
хүргэснээр өнөөдөр нэг сая төгрөгийн цалинтай хүн 300 мянган хүртэлх төгрөгийг
татвар, шимтгэлl төлж байгаа. Энэ асуудлыг улсын хэмжээнд Үйлдвэрчний эвлэлийн
байгууллага анх санаачлан эсэргүүцлийн арга хэмжээг эхлүүлсэн. Өчигдөр улс даяар цахим хэлбэрээр жагсаал болсон.
Үүнийг Үйлдвэрчний эвлэлийн салбар холбоод, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн
байгууллагууд бүгд дэмжиж байгаа. Төсвийн цоорхойг хөдөлмөрлөж байгаа хүмүүсээр
нөхүүлж, нуруунд нь ачаа үүрүүлэхгүйгээр шийдвэрлэх бүрэн бололцоотой" хэмээн
аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга А.Кеншилик хэллээ.
Харин аймгийн Ажил олгогч эздийн холбооны
тэргүүн М.Мейрамбек, "Манай улсад Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван
талт Үндэсний хороо гэж байгууллага ажилладаг. Тус хороонд Засгийн газар, ажил
олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах
байгууллагын төлөөлөл багтдаг. Тус хороо нь цалин нэмэх, хөдөлмөрийн хөлсний
доод түвшинг тогтоох, нийгмийн даатгалын шимтгэл, татвар нэмэх зэрэг
асуудалтай холбоотой ерөнхий шийдвэрүүдийг зөвшилцөж гаргадаг. Үндэсний
хорооноос гаргасан шийдвэр, зөвлөмжийг Засгийн газар үл тоож тогтоол гаргаснаар
нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байна. Энэ шийдвэр ажил олгогчдод хүндээр
тусч байгаа" гэв.
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны хувьд
төр даатгуулагчдын саналыг авахгүйгээр нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн
шийдвэрээ эргэж харах ёстой аж. Хэрвээ шаардлагыг хүлээж авахгүй бол хөл хориог
цуцалсны дараа улсын хэмжээнд бүх нийтийн жагсаал, цуглаан хийх зэргээр тэмцэхээр болсныг мэдэгдлээ.