Чипийн үйлдвэрт гарсан түймэр автомашины үйлдвэрлэлд нөлөөлж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-03-23 10:44:53

ТОКИО. /NHK/. Автомашины үйлдвэрлэлд чипийн хомсдол нүүрлээд буй энэ үед Японы автомашин үйлдвэрлэгчид дотоодын хагас дамжуулагчийн үйлдвэрт гарсан гал түймрээс үүдэлтэй нөлөөг үнэлж байна.


Токио хотын хойд хэсэгт байрладаг “Renesas Electronics” компанийн үйлдвэрт өнгөрсөн баасан гарагт гал гарсны улмаас тоног төхөөрөмжүүдийн зарим нь эвдэрч, улмаар автомашины чипийн үйлдвэрлэлийг хэсэгчлэн зогсоогоод байгаа юм.


Renesas” үйлдвэрлэлээ сарын дотор хэвийн болгох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд автомашин үйлдвэрлэгчид тусламж үзүүлэхээр ажилтнуудаа түймэр гарсан үйлдвэр лүү илгээжээ.


Renesas”-ийн чипийг ашигладаг компаниудад “Toyota, Nissan”, Honda” багтдаг юм. Японы компаниудын хувьд чипийн хомсдолын улмаас үйлдвэрлэлийн гарцаа хэдийнээ бууруулаад байгаа билээ.


Чип үйлдвэрлэгч бусад компанийн хувьд бий болоод буй хомсдолыг нөхөх хүчин чадал хязгаарлагдмал байгаа аж. Шинжээчдийн үзэж буйгаар, “Renesas”-ийн үйлдвэрт гал гарсан нь автомашин үйлдвэрлэгчдийг гарцаа дахин бууруулахад хүргэж болзошгүй байна. 

関連ニュース