“Хэнтий орон сууц” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргаар Д.Баттулгыг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-04-10 01:23:30

Хэнтий /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн Засаг дарга “Хэнтий орон сууц” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар Довжоогийн Баттулгыг томиллоо. 

Хэнтий аймгийн ард иргэдийг хямд төсөр үнэтэй, орон сууцаар хангах зорилгоор орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулагдаж буйг бид өмнө нь мэдээлсэн. Үйлдвэрийн газар ажилласнаар ажлын байрыг нэмэгдүүлэх, аймгийн ард иргэдийг хямд, чанартай орон сууцаар хангах, зах зээлийн үнээс хямд, урьдчилгаа төлбөргүй орон сууцаар хангах, орон нутгийн төсвөөр орон сууц барих зорилгыг дэвшүүлж, орон нутгийн ажилчдаа барилгын салбарт ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлж байна.

Д.Баттулга нь 1976 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. 1984-1994 онд Хэнтий аймгийн 1-р арван жилийн дунд сургууль, 1994-1997 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, 1998-2001 онд Барилгын коллеж, 2017-2020 онд Үндэсний техникийн их сургуульд тус тус суралцсан иргэний ба үйлдвэрийн барилгын инженер юм. Тэрбээр Монгол Улсын “Мэргэшсэн инженер”, “Мэргэшсэн төсөвчин” зэрэгтэй.

2001-2013 онд Хэнтий аймгийн Барилга угсралт, дулаан үйлдвэрлэлийн “Оч манлай” ХХК-д инженерээр, 2013 онд Чингис хотын Захирагчийн ажлын албанд Дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн, 2014-2017 онд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт захиалагч инженер, Барилга хот байгуулалтын хэлтсийн даргаар, 2018-2019 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст дэд бүтэц, төлөвлөлтийн бодлого хариуцсан мэргэжилтнээр, 2019 оны 8 дугаар сараас аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Барилгын техникийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан.

2001 оноос Барилгын салбарт ажиллахдаа 10 гаруй барилга объектыг шинээр барих, 20 гаруй барилга объектын их засвар, өргөтгөл шинэчлэлийн ажлыг хариуцан гүйцэтгүүлсэн байна. 

関連ニュース