“Жаахан шаргын нутаг” монгол бичгийн цахим уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-05-18 20:10:59

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Сүхбаатар аймгийн ААНБ, иргэдийн дунд “Жаахан шаргын нутаг” монгол бичгийн цахим уралдааныг зарласан. Уралдаанд нийт 40 гаруй байгууллага, хувь хүний 600 гаруй бүтээл ирж, зохион байгуулагчид шилдгүүийг шалгаруулж, өнөөдөр шагналыг нь гардуулан өглөө.

Тодруулбал, уралдааныг “Үзгийн хичээнгүй бичиг”, “Бийрийн хичээнгүй бичиг”, “Уран бичлэг”, “Таталган бичиг” төрлөөр явуулсан. 39 байгууллагын 390 албан хаагч, 15 сургуулийн 225 сурагчийн хичээнгүй бичвэр, мэргэжлийн 46 багшийн хичээнгүй бичвэр, тайлан, 40 гаруй уран бүтээлчийн бүтээлийг хүлээн авч нийт дөрвөн төрөл, дөрвөн ангиллаар 21 байр шалгаруулсан байна.  

Үзгийн хичээнгүй бичиг төрөлд тэргүүн байрыг аймгийн Жаахан шарга театрын хамт олон хүртсэн бөгөөд тэд жил болгон энэ төрлийн тэмцээнд амжилт үзүүлдэг. ЖШТ-ын дарга Г.Баярцогт хамт олныхоо энэхүү туршлагаас хуваалцахдаа, Манай байгууллага дэргэдээ “Хүмүүн бичиг” монгол бичгийн клубийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Эдгээр хүмүүс маань ажилчдад монгол бичиг заадаг. Одоо манай байгууллагын бүх ажилчид монгол бичгийн дэвтэртэй болж, байнгын хэрэглээ болгож хэвшсэн. Мөн нийт ажилчдын 80 орчим хувь нь зохих мэдлэгийг эзэмшсэн. Клубийн зүгээс ажилчдаа сургах, чадавхжуулах сургалт, уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж хэвшсэн. Цаашид хос бичигтэн болохтой холбоотойгоор хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил бий гэв.

Нутгийн яруу найрагчид, зохиолчдынхоо бүтээлээс сэдэвлэсэн энэхүү уралдааныг “Титэм-Арт” академийн санаачилгаар аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Нийтийн номын сан, аймаг, сумын ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. Уралдаан 4 дүгээр сарын 12-ноос 5 дугаар сарын 1-ний хооронд үргэлжилжээ.

 

関連ニュース