ЭЕШ-ын өмнөх сорилго тэмцээнд шалгарсан сурагчдад шагнал гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-27 18:45:19

Ховд /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын өмнөх сорилго тэмцээн буюу “Залуус-Хөгжлийн түүчээ” уралдаанд Ховд аймгаас шалгарсан сурагчдад шагнал, гарын авлага гардууллаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачилга, БШУЯ-ны дэмжлэгтэйгээр “Залуус-Хөгжлийн түүчээ” сорил шалгалт, эсээ бичлэг, видео илтгэлийн уралдааныг Боловсролын үнэлгээний төвөөс орон даяар амжилттай зохион байгуулжээ. 

2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөх суралцагчдын нийгмийн идэвх, санаачилгыг нэмэгдүүлэх, тэднийг элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхөд нь дэмжлэг үзүүлж, урамшуулах зорилго бүхий тус уралдааныг гурван үе шаттай хэрэгжүүлэхэд нийт 1630 төгсөгч оролцсон байна. 

Улмаар тус уралдаанд оролцогчдыг амжилтаар нь эрэмбэлэхдээ сорил даалгаврыг гүйцэтгэсэн, эсээ бичлэг, видео илтгэлээс авсан оноонуудын нийлбэрээр дүгнэсэн бөгөөд шалгаруулалтын бүхий л үйл ажиллагааг цахим хэлбэрээр ил тод, нээлттэй явуулснаараа онцлогтой.

“Залуус-Хөгжлийн түүчээ” уралдаанд Ховд аймгаас идэвхтэй оролцож, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа бусдыгаа манлайлсан сурагчдыг өнөөдөр урамшуулж, баяр хүргэлээ.

Өөрөөр хэлбэл, тус уралдааны эхний шатанд шалгарсан 500 сурагчид Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан 2018-2020 оны ЭЕШ-ын тестийн эмхэтгэл гарын авлага номыг хүргүүлж байна.

Ховд аймгийн тухайд 66 хүүхэд эхний шатанд амжилттай оролцсон учраас номоо ийнхүү гардан авлаа. Мөн тус уралдааны тусгай байрт Ховд аймгийн Жаргалант сумын “Прогресс” сургуулийн 12б ангийн суралцагч Н.Энхжин шалгарч, шагналаа өнөөдөр хүлээн авсан юм.

УИХ-ын гишүүн С.Баябацогтын хувьд Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй 12 дугаар ангийн сурагчдад их, дээд сургуульд элсэн суралцахад нь туслах, тэднийг дэмжин идэвхжүүлэх зорилгоор "Шинэ алхам" гарын авлагыг жил бүр олгож, “Оюуны их сорилго” олон төрөлт, багийн олимпиадыг зохион байгуулж байсан.  

関連ニュース