Хууль бус олборлолт хийсэн нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Батноров сумын Баян багийн нутаг Улаан-Өндөр нэртэй газарт “Хишигт ногоон тал” гэх нөхөрлөл үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй талбайд хууль бусаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглан жонш олборлож байсныг аймгийн Тагнуулын хэлтсээс илрүүлэн таслан зогсоожээ.
Дээрх үйлдэл нь уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч ААН-ийн дагаж мөрдвөл зохих хэд хэдэн хууль, тогтоомжийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна.
Онгон дагшин уул хайрхан, байгаль орчныг эвдэн сүйтгэж буй хууль бус үйлдэлтэй хууль хяналтын байгууллагууд тэмцэж байгаа нь сайшаалтай гэж нутгийн иргэд талархан хүлээн авч байна. Хууль бус үйл ажиллагаа явуулсан ААН, иргэдийн үйлдлийг Хэнтий аймгийн Цагдаагийн газар харьяаллын дагуу шалгах ажил үргэлжилж байгаа аж.
Иймд иргэд, ААН-үүдэд хууль бус үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийхийг сануулж, нутгийн иргэдийн зүгээс байгаль орчноо хамгаалан байгаль орчны эсрэг гэмт хэргийн талаарх мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэхийг холбогдох газраас анхааруулж байна.