Колумбын засгийн газар болон ФАРК түүхэн тохиролцоонд хүрлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-23 16:40:01

ГАВАНА. /ВВС/. Колумбын Засгийн газар болон түүнийг эсэргүүцэгч хамгийн том босогчдын бүлэглэлийн хооронд гал зогсоох тухай хэлэлцээр байгуулахаар тохиролцжээ. Энэ нь тус улсад хэдэн арван жил үргэлжилсэн иргэний дайныг зогсооход томоохон алхам болж байна.

Тус улсын Засгийн газар болон Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин буюу ФАРК лхагва гарагт хамтарсан мэдэгдэл хийхдээ “уг хэлэлцээрт босогчдын зэвсгийг хураах зэрэг нөхцөл багтсан” гэжээ.

Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос болон ФАРК-ийн төлөөлөгч өнөөдөр Кубын нийслэл Гавана хотод уг гэрээнд гарын үсэг зурах аж. Гэрээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй олон нийтэд өгөх бололтой.

Энхийн хэлэлцээнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн Кубын Ерөнхийлөгч Рауль Кастро болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар гарын үсэг зурах ёслолд биечлэн оролцох ажээ.

1960-аад оны үеэс эхэлсэн иргэний дайн 220 мянга орчим хүний аминд хүрчээ.

Дөрвөн жилийн өмнөөс сөргөлдөгч талууд энхийн хэлэлцээ хийж эхэлсэн байна . Зургаан сарын дотор энхийн хэлэлцээнд гарын үсэг зурахаар өнгөрсөн оны есдүгээр сард талууд тохиролцсон юм. Гэсэн хэдий ч ФАРК-ийн зэвсгийг хураах асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй учир товлосон хугацаанд энхийн хэлэлцээрт гарын үсэг зурж чадаагүй ажээ.

Долдугаар сарын 20 гэхэд зэвсэгт мөргөлдөөнд цэг тавьж чадна гэж найдаж байна гэж Колумбын Ерөнхийлөгч Сантос хэлжээ. Энэ өдөр колумбчууд Испаниас салж, тусгаар тогтносноо тунхагласан юм.

Г.Доржханд

 

 



 

 

関連ニュース